Ж.Бат-эрдэнэ: Аймаг орон нутгуудын санал хүсэлтийг хэрхэн тусгаж байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Хөгжлийн бодлогыг тогтвортой байлгах үүднээс институц байгуулах шаардлагатай гэж үзсэн. Институц нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийг бодлогыг харж чаддаг байх ёстой. Ингэснээр яамдууд нь институцын гаргасан бодлого, шийдвэрийг дагах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд маш олон хөгжлийн бодлого, хөтөлбөрийг баталсан. Сонгуультай холбоотой төрийн ажил, залгамж халаа дөрвөн жилээрээ тасарч, доголдсон гэсэн үг. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай болсноор урт хугацаанд улсын бодлого тодорхойлох боломжтой.
Бидний хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл бол аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид байдаг. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн бодлогын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдээ хэрхэн чадавхжуулах вэ?
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яамны ажилтай хэрхэн уялдах вэ?
Аймаг орон нутгуудын санал хүсэлтийг хэрхэн тусгаж байна вэ?
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.