Бодлогын баримт бичгүүдийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.30) Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өргөн барив.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг хангаж, түүнийг боловсруулан батлах тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганаар шинэчлэн баталсан. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй байгаа учраас хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд Төсвийн тухай болон бусад хуулийг нийцүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Төслөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтын уялдаа, нийцлийг хангаж, зарим нэр томьёоны тайлбарыг нэмэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрх, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болон дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт зарим өөрчлөлтийг хийх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.
Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх субьектийн эрх, үүрэг, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэршлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ.