"Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.10, 6.7.1, 9.4.2, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг үндэслэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон салбарын хөгжлийн зорилт, төсөл, арга хэмжээтэй уялдуулан, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Дэлхий даяар тархаад буй Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүсээд байгааг төслийн танилцуулгад дурдав. Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурал баталсан.
Эдийн засгийн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүссэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.