Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.
Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 16 санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлахад, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсан агуулга бүхий 5.5 дахь заалт, төслийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “улс төрийн намууд” гэж тус тус нэмэхийг дэмжив.
Төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалт нэмэх, мөн зүйлд “Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсэг нэмэх санал дэмжигдэв.
Түүнчлэн Байнгын хорооносс дэмжээгүй саналууд болон ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын саналууд, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам” гэснийг “Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн яам” гэж өөрчлөхөөр тогтов. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө