2020.05.04

Онцгой болон дайны байдалд УИХ цахимаар хуралдах шинэ дэгтэй боллоо

Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулдаг.

Үе үеийн парламентад ард түмний итгэлийг хүлээж, сонгогдсон гишүүдийн ёс зүйн асуудал хурцаар яригддаг. Бусдын өмнөөс санал өгөх товчлуурыг дарах, хуралдааны ирц бүрдэхгүй байх, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаан таслах зэрэг олон асуудал яригддаг байсан.

Харин энэ удаагийн парламент Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 2016-2020 оны хугацаанд 5 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, 1 удаа шинэчилсэн найруулга хийлээ. 

1. УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон.
2. Нэг чуулганы хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гуравны нэгээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эгүүлэн татах заалт оруулсан.
3. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн.

4. Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгоно гэх мэт заалтыг оруулсан юм.
5. Дэлхий нийтийг хамарсан /COVID-19/ коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байгаа энэхүү онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэрлэвэл зохих асуудлыг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэн баталж гаргах шаардлага үүссэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт оруулж баталсан.

Соvid-19 халдварт цар тахлыг зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, иргэдээ халдварт тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байгаа.

Дэлхий нийт Коронавирусний улмаас маш хүнд сорилттой тулгарч байна. Улс орнуудын парламент зогсож, доголдож байгаа асуудлууд ч харагдаж байна. Тиймээс цахим хуралдааныг зохион байгуулахаар Дэгийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзсэн. 

Хуульд халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулжээ. 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган нэмэлт, өөрчлөлт оруулсан дэгийн хуулиараа парламентын түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглан хуралдаж байна. 

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы хуралдаанд цахимаар оролцож байна. 

Ц.Соёлмаа