2019.01.18

О.Баасанхүү: Өнөөдөр хэн чанга ярьсандаа бус хэн үнэн ярьсандаа цэг тавигдана

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хууль батлагдвал УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулж болох эрх зүйн орчин бүрдэнэ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай байдаг. Бүх ард түмнээс болон УИХ-аас. Засаглал бол хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн. Хууль тогтоох засаглалыг өнөөдөр асуудлыг дэгийн тухай хуулиар шийдэх эрхтэй ерөнхийлөгчтэй болсон учраас бид ч гэсэн ерөнхийлөгчийн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох эрхийг хуульчлах ёстой гэж үзэж байна.

Бүх ард түмний санал асуулга явуулах гэж хэрэгждэггүй хууль бий. Энэ хуулийн дагуу УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон тухай санал асуулга явуулж байх. Дархлагдсан ерөнхийлөгч гэж байхгүй. Ерөнхий сайд ч мөн адил. ТББХ-оор нэг гишүүн сайдад хариуцлага тооцох заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон.

Тэгвэл 1, 2 эсвэл 19 гишүүн яагаад сайдад хариуцлага тооцох асуудлыг ярьж болдоггүй юм бэ? Өнөөдөр хэн чанга ярьсандаа бус хэн үнэн ярьсандаа цэг тавигдана. МАН-ынхан ингэж төрийг залхааж, ядрааж, ард түмнийг талцуулах хэрэггүй.

Нэг ярьсан зүйл дээрээ байцгаа. Нэг л шийдвэр гарга. Анхандаа дарга минь та ерөнхийлөгч бол гэж гүйцгээсэн мөртлөө өнөөдөр энэ хүн МАНАН-ийн толгойлогч гээд явж байна. Одоо энэ хуулиа хурдан батлаад цагаан сараас өмнө энэ асуудлаа шийдээд яваарай. Харин дараа дараагийн хуулиа оруулж ирээрэй. Дархлагдсан хүн гэж байхгүй шүү.”