2020.11.09

Дэгийн хуулийг дээрдүүлсэн ЕСӨН өөрчлөлт

УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байдаг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Уг хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдөр шинэчилсэн найруулгаар баталсан билээ.

Наймдугаар сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанууд дээрх батлагдсан дэгээ мөрдөж явагдсан бөгөөд энэ үеэр зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарчээ. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан юм.

Хуульд дараах 9 өөрчлөлтийг оруулаад байна.

ГИШҮҮД ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛТАЙГАА БҮРЭН ТАНИЛЦАЖ, ХИЙДЭЛГҮЙ ХУУЛЬ БАТЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭВ

Улсын Их Хурлын гишүүдийг нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж, 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болохтой холбогдуулан хуралдаан дуусгах цагийг 18.00 байхаар тодруулав. 

ХУГАЦАА ТУЛГАЖ ХУУЛЬ ГЭНЭТ ОРУУЛЖ ИРЖ ХЭЛЭЛЦҮҮЛДЭГ ХУУДУУТАЙ БАЙДЛЫГ АРИЛГАВ 

Хууль санаачлагч, дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлж, хэрэв заасан хугацаанд саналаа хүргүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүйд тооцохоор төсөлд тусгасан. 

ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ЧУХЛААС НЬ ЭРЭМБЭЛЖ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТАД ОРУУЛДАГ БАЙХ 

Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Улсын Их Хурлын тогтоолоор батлахдаа өргөн мэдүүлсэн төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан төслийг оруулах үндсэн зарчим баримталж, харин Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах тодорхой зохицуулалт оруулсан юм. 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТАД ОРСОН ХУУЛИЙГ ХЭЗЭЭ, АЛИЙГ НЬ ХЭРХЭН ХЭЛЭЛЦЭХ ДАРААЛАЛ ЦАГЛАВАРЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ 

Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Улсын Их Хурал тогтоолоор баталж, тус тогтоолд багтсан төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод хэлэлцэх асуудлыг цаглавараа өөрсдөө баталж, дотооддоо дагаж мөрдөж байхаар илүү тодорхой зохицуулалт хийлээ. 

ИХ ХУРЛЫН ИНДЭРИЙГ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХЭРҮҮЛИЙН ТАЛБАР БОЛГОЖ ЁС БУС ҮГ ХЭЛЖ, ҮЙЛДЭЛ ГАРГАДАГ ЁС ЗҮЙГҮЙ БАЙДЛЫГ ХЯЗГААРЛАН, ДЭГ ЗӨРЧИЖ ДУРААРАА АВИРЛАДАГ ГИШҮҮДИЙГ ДЭГЭНД ОРУУЛЖ ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЭХ 

Хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгоно.

Үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болно.

Түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар хугацааг уян хатан байдлаар тодорхой заасан.

Гэхдээ зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарна. 

ГИШҮҮД АСУУДАЛД АЖИЛ ХЭРЭГЧЭЭР ХАНДАЛГҮЙ ТЕЛЕВИЗИЙН КАМЕР ХАРЖ ПОПОРДОГ, ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫГ ХУВИЙН ПИ АР-ЫН ТАЙЗ БОЛГОДОГ  БАЙДЛЫГ ХАЛАХ 

Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор гишүүдийн олонх дэмжвэл холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн хуралдааны үйл явцыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахгүйгээр зохион байгуулж болох, хэрэв ийнхүү зохион байгуулбал хуралдааны талаар тухайн Байнгын хорооны дарга, томилсон гишүүн нийтэд заавал мэдээлэхээр тусгасан. 

ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭХ ДЭГИЙГ ИЖИЛСҮҮЛЖ, ХУУЛЬ ТОГТООГЧ ӨӨРИЙН ГАРГАСАН ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛАА АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕД ТАТАН АВЧ БОЛОХ 

Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим төслийн /хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, төсвийн тодотгол гэх мэт/ анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй ижил зохицуулах, түүнчлэн Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байхаар тусгасан болно. 

ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХИЙЖ БОЛОХ 

Зарим онцгой тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийхээр зохицууллаа. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ, ЦЭЦИЙН ДҮГНЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ДЭГИЙН АСУУДЛЫГ ИЛҮҮ НАРИЙВЧЛАВ 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хурааж, дүнг танилцуулснаар холбогдох тогтоолын төслийг баталсанд тооцохоор, Үндсэн хуульд нийцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэхгүй байхаар тусгажээ.