2018.06.14

Н.Учрал: УИХ-ын дэгийн тухай хуульдаа зориулж Үндсэн хуулиа засдаг байдалд шилжих нь...

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ -ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулсан байгаа юм. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал энэ хуулийн төсөл Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Хууль тогтоох байгууллагад хууль батлалцаж байгаа хүмүүсийн хувьд бид асуудалд анхааралтай хандах хэрэгтэй. Эн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь УИХ-ыг гишүүнийг эргүүлэн татах гэсэн Үндсэн хуульд заасан нөхцөлүүдийг зөрчиж байгаа юм.

Сая хууль санаачлагч нар нь “дараа нь үндсэн хуульдаа оруулчих” гэж тайлбарлаж байна. Тэгвэл энэ асуудлаа Үндсэн хуулийнхаа дараа оруулж ирвэл яасан юм. Үндсэн хуулиа эхэлж ярьчхаад дараа нь энэ дэгийн асуудлыг ярихгүй бол дэгийн хуульдаа зориулж Үндсэн хуулиа засдаг, янзалдаг байдал руу шилжих вий.  Би сая дэгийн хууль дээр саналаа хэлсэн гишүүдтэй санал нэг байна.

  • Үндсэн хуульд тодорхой нөхцөлүүд байгаа, үүнийг зөрчиж байгаагаа юу гэж тайлбарлах вэ? гэсэн асуулт байна.
  • Хоёрдугаар асуулт бол ирцийн асуудал дээр тоглолт хийдэг, хүн ярьдаг, субъект ярьдаг, асуудлаа ярьдаггүй парламентууд байгуулагдахвий гэж харж үзсэн үү?

Ер нь тэгээд үндсэн хуулиа ярилцаж байх ёстой хугацаандаа ийм юм яриад сууж байх нь зөв үү? Боловсролын хууль хэлэлцэх гээд 3 долоо хоног хүлээж байна. Долоо хоног бүрийн даргын зөвлөл дээр орж ирдэг араас нь өөр асуудал гараад ирдэг. Энэ хууль батлагдахгүй бол хаана хэний эрх ашиг хохирох вэ? Бодоод үз л дээ.

Өөрсдөө цагаа бариад асуудалд хариуцлагатай хандаад явъя. Эсвэл намаасаа нэр дэвшүүлж байгаа хүн дээрээ шаардлага өндөр тавиад яв л даа. Үүнийг бид хуулиар өөрчилж өглөө гээд оюун ухаан, ухамсрыг нь төлөвшүүлж өгөхгүй. Өөрөө хариуцлагатай бол энэ хууль байсан байгаагүй хариуцлагатай л байна. Тиймээс ийм асуудлыг нэг их яаралтай горимоор авч хэлэлцээд байх шаардлага байгаа юм уу?

Тэгээд эцэст нь би нэг асуулт асууя.

Ямар асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх вэ? Дээрээс нь ямар, ямар хуулийг засгийн газраас санал авахгүйгээр оруулна гээд дэгийн хууль нь дээр оруулчхав?


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан  дарга хариулав.

За нэгдүгээрт Н.Учрал гишүүний асуултад хариулъя. Ямар ч улсын парламент эхлээд дэгээ ярьдаг. Урьдах дэгээ өөрчлөхгүй ч байсан болно. 4 жилийн турш ажиллахдаа ийм дэгээр үйл ажиллагаа дотоод зохион байгуулалтаа явуулна гэж тогтдог. Ер нь цаашдын шинэ парламентууд шинэ дэгээ тогтож авч байх ёстой юм байна.

Жил гаран ярьсан хаврын чуулганы хэлэлцэх асуудалд суусан, тэгээд ч “дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” эхлээд их хурал үйл ажиллагаагаа журамлаад дэг нь дээ ороод яв тэгвэл ажил төрөл сайжирна. Төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох байгууллага нь журамтай дэглэмтэй болчих юм бол гүйцэтгэх эрх мэдэл бусад байгууллагууд баг хороо хүртлээ бүгд дэг нь дээ орно.

Хоёрдугаарт дараалал дайрч орж ирсэн зүйл байхгүй. Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд орсон. Би хууль санаачлагч биш. Үндсэн хуультай зөрчилдөөд байна уу үгүй юу гэдгийг би байнгын хороо дээр ярьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бусад асуудлыг ярих хэрэгтэй. Харин дараа нь 14 гишүүний өргөн барьсан асуудал яригдана. Ямар нь хэрэгтэй байна, ямар нь хэрэггүй байна, энэ удаа хууль эрхзүйн орчин, үндсэн хуулийн зохицуулалт нь болоогүй бол тэр нь хасагдана. Ер нь бол дэгийн хуулиа  сайжруулж боловсруулах зайлшгүй шаардлагатай. Жишээ нь УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг шийдэх гэдэг дээр 74,1 хувь нь хариулсан байна. Олон түмнийхээ санаа бодлыг авах хэрэгтэй. Хаана ч уулзалт хийсэн энэ асуудал яригдаж байдаг. Улс орны хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлыг ярихаасаа илүү 60,70 хувь нь гишүүдийн хариуцлагын асуудлыг уулзалт болгон дээр яриад таарч байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь болгоод явах ёстой. Харин тэр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг асуудал бол Үндсэн хуультайгаа холбогдож гарч ирэх тул би зөрчилтэй байна гэж хэлээд байгаа юм. Үүнээс бусад асуудал ба үндсэн хуулийнхаа дараа яригдах асуудал болно биз ээ.

Энэ асуудлыг үндсэн хуулийн нэмэлтэд хийгээд өгөхөөр хүмүүс “Тэр Их хурлынхаа хуульд хийгээд өг, Үндсэн хуулинд хийх шаардлагагүй”  гээд байгаа юм. Тэгээд Их хурлын хуульд хийх гэхээр Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байгаа юм. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотор “УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эргүүлэн татах үндслэл болно” гэдэг томьёлол хийгдэхэд хүрч байна гэдгийг хэлье.