ТББХ: Анхны хэлэлцүүлгийн үеэр төслийн зүйл, заалттай холбоотой мэтгэлцээнийг 60 хүртэлх минутаар явуулах зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаа 14 цаг 26 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүний 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах тухай 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “39.1 Холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа хаалттай болон нээлттэй мэтгэлцээн явуулна.” гэснийг “39.1 Холбогдох Байнгын хороо хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай болон нээлттэй явуулж, холбогдох санал дүгнэлт гаргана.
Шаардлагатай гэж үзвэл Байнгын хороо төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулна. Хуралдаан даргалагч мэтгэлцээний хугацааг 60 хүртэлх минутаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүд саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно. Мэтгэлцээний хугацаа дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ” гэж өөрчлөх саналыг С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын гишүүн гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “88.2.8 …Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй” гэснийг “Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын гишүүн гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэлээ.