УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ
2020.04.30

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

 Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг шуурхай зохицуулалт хийж, өөрчлөх, боловсронгуй болгох, олон улсын чиг хандлагыг тусгаж, парламентын төлөвшилт хөгжилтөд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 126 зүйлтэйгээр боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Мөн тэрбээр, Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаар парламентаа өөрөө зохион байгуулдаг нийтлэг зохицуулалттай байдаг. Иймээс хуулийн төслөөр Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулж тусгасан. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах, эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна. Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан гэж байлаа. 

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах; нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах; холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах; Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэхээр тусгасныг онцлов.

Харин Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батлагдсанд тооцохоор зохицуулжээ. Түүнчлэн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулсан байна. Үүний зэрэгцээ албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох, Засгийн газар, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгасныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав. 

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хуулийг нийцүүлэх зорилгоор чуулганы хуралдааны дэгийг боловсронгуй болгох, хуулиар зохицуулаагүй асуудлыг олон улсын чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон ‘ишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдлаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

 Гишүүдийн зүгээс дэгийн тухай хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох эсэх, гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарласан талаар илүүтэй тодруулав. 

Төсөл санаачлагч гишүүн хариултдаа, 2006 оноос хойш Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг дурдаад хуралдааны дэг гэдэг маш чимхлүүр ажил байсныг тодотгов. Түүнчлэн танхимын дэг алдагдуулсан бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна гэж заасан ч, хуралдаан даргалагч нь гишүүний үг хэлэх эрхийг хасаад, хавчиж шахан танхимаас хөөж гаргаад байвал давж заалдах эрхийг Төрийн байгуулалтын  байнгын хороонд өгөөд энэ асуудлыг шийдвэрлэж, эргэж мэдээлэх заалтыг тусгасан гэж байлаа. Мөн хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтооно гэж заасан байгаа. Гэхдээ бид Улсын Их Хурлын тухай хуульд Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалынхан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлахгүй гэж зохицуулсан. Харин татвар, төсөвтэй холбоотой  анхдагч хуульд Засгийн газар өөрчлөлт оруулахаар зохицуулснаас бусдаар гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлаагүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хариултдаа онцолсон.

Ингээд  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.