УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах өөрлөлтийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл байдал бий болж болзошгүй юм.
Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Хуулийн санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар зарчмын хувьд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцүүлгийн явцад сайтар нягталж хуулийн давхардал, хийдэл гаргахгүй байхад анхаарах, энэ үүднээс ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.