УИХ чуулганы хуралдааны дэгт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит чуулганы өнөөдрийн \2020.11.05\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь заалтад заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, С.Амарсайхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, төсөл санаачлагчаас хариулт, тайлбар авч, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасан.