С.Бямбацогт: Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж, үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон билээ.
Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээл, сургалтад хамрагдсан албан хаагчдын санал, хүсэлт зэргийг нэгтгэн дүгнэж хуулийг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа зарим асуудлыг шийдвэрлэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Одоо батлагдсан хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор баталсан зарим аргачлалд хамаарахгүй байх хууль, тогтоолын төслийг тодорхойлох мөн судалгаа, үнэлгээ, зардлын тооцоо хийсэн талаарх материалыг холбогдох үе шатанд нь баримтжуулж ирүүлэх, бүрдүүлбэрт тусгах боломжийг нээж өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх асуудлыг нэгтгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.