2017.05.12

О.Баасанхүү: Кноп дарах 10 секундыг 2 болгох боломжтой юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү кноп дарах секундыг багасгах талаар саналыг энэ хуульд оруулж болох эсэхийг асуулаа.

О.БААСАНХҮҮ: ЭНЭ БОЛ АРД ТҮМЭНД ШУДАРГА ЁСНЫ ЗАМЫГ ТАВЬЖ БАЙГАА АСУУДАЛ

Би 2015 онд батлагдсан хуулийг анхнаасаа дэмжээгүй. Бидний үндсэн ажил бол хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, хууль батлах. Энэ эрхийг хууль тогтоомжийн хуулиар нилээн хязгаарласан. Зөвхөн Засгийн газар л хууль санаачлах эрхтэй юм шиг хууль байсан.

Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд хэлэхэд кноп дарах 10 секундыг 2 болгох талаар удаа дараа санал гаргалаа. 2 секунд бол хангалттай урт хугацаа.

Энэ бол авто зам тавьж байгаа асуудал биш. Харин ард түмэнд ШУДАРГА ЁСНЫ ЗАМЫГ тавьж байгаа асуудал. Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсанаар ирцийн асуудлыг цэгцлэх хуулийн төсөл санаачлах боломж байна уу? Ирцтэй тэмцсэний төлөө УИХ-ын гишүүд битгий бухимд!

Аргаа барсандаа карт хураах санал гаргамаар байна. Хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга батлагдвал миний санаачилсан хууль дотор нь орох бололцоотой юу?

Н.УЧРАЛ: ТАНЫ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА САНАЛ ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ГЭЖ БУЙ 9 ЗҮЙЛД ХАМААРАХ УУ?

Хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 9 асуудал л яригдаж байгаа. Үүнд дэгийн тухай хууль, үндэсний аюулгүй байдлын хуулийн 3.4.1, 3.4.3, дипломат харилцаа тогтоох, төлөөлөгчийн газар байгуулах, бүтцийн өөрчлөлт бүдүүвч, УИХ-ын чуулганы дэг, хуулийн давхардал хийдэл гэсэн зүйлсийг ярьж байна. Таны санаачилсан хууль бол яг энэ 9 дотор байгаа юу? Энэ 9 зүйл 480 гаруй хуулийн 20 гаруйд нь л хамаатай асуудал. Өчигдрийн хуралдаанаар энэ хууулийг хэлэлцэх эсэхийг ярьж байхад гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Та шинээр хууль санаачилж байгаа бол эдгээр 9 зүйлд хамаагүй асуудлыг 6 аргачлалаараа явах ёстой.