С.Чинзориг: Нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлээд үзвэл яасан юм бэ?
Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Бид хууль эрх зүйн орчиндоо тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарах шаардлагатай байна. Монголын хууль гурван хоног гэдэг шиг юм болж байна. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих ёстой хуулийг Засгийн газар буцаагаад бөөн өөрчлөлт оруулж ирдэг болж.
Нэгэнт баталсан хуулийг болохоос нь болохгүй хүртэл нь хэрэгжүүлж мөрдөөд үзэх хэрэгтэй юм шүү дээ. Үнэхээр хэрэгжих хугацаанд боломжгүй асуудал үүссэн бол өөр хэрэг.
Манай Засгийн газар Хууль тогтоомжийн тухай энэ хуульд ч бас нэмэлт өөрчлөлт оруулж ирдэг тусгай коридор бий болгох гээд байгаа юм уу? Улс орны нөхцөл байдлыг бүхэлд нь зохицуулж байдаг энэ хуулийг хуучин арга барилаараа яаруулж оруулж ирэх гээд байна уу гэж харж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийг батлахдаа ямар ч төсөв мөнгө батлаагүй байна
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг зайлшгүй шаардлагатай байна. Уир нь энэ хууль хэрэгжих бэлтгэл ажил хэдий хангагдсан гэж байгаа ч төсөв мөнгөний хувьд хүрэлцээ байхгүй байгаа.
Судалгаа хийхээс эхлүүлээд маш нарийн ажиллагаанууд шаардлагатай. Тэр бүхэнд төсөв, мөнгө шаардагдах болно. Өмнөх парламентийн үед энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэнэ гэж баталсан боловч тухайн үедээ ямар ч төсөв мөнгө тавихгүйгээр баталчихсан байна.
Гэхдээ энэ хуульд тодорхой өөрчлөлтүүд хийж цомхон болгох зарим зохицуулалтууд орсон байгаа нь сайшаалтай.
Харин хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах тухай эрх зүйн зохицуулалт байхгүй учраас гишүүдийн хэлж байгаа саналуудаас хэрэгтэйг нь аваад нэмэлт өөрчлөлт оруулах л боломж бидэнд байна. Тиймээс ч энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Манай улсын хууль тогтоомж хэрэгжихгүй байдаг гол асуудал нь төсөв мөнгөний хүрэлцээ муу байгаатай холбоотой.