2023.03.24
Б.Бат-Эрдэнэ: Олон хууль үйлдвэрлэсэн ч хэрэгжилт хангалтгүй байна
УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хууль тогтоомжийн тухай хуулийг дэмжиж буй. Их хурал хавар, намрын чуулганаараа хэлэлцэх асуудлаа тогтоодог. Тогтоосон дараалал дотор хууль санаачлах эрхтэй УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхэд нь халдсан зүйл байдаггүй. Хуулиар олгогдсон эрх нь бүрэн хангагдсан байдаг.
Энэ талаас харвал уг оруулж ирж байгаа хууль УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд нь халдсан зүйлгүй гэж ойлгож байгаа. Үүнд тодорхой хариулт өгнө үү.
2004 оноос УИХ-д сууж байгаа гишүүний зүгээс харахад хууль боловсруулах, санаачлах, хэлэлцүүлэх явцад харьцангуй ахиц дэвшил гарч байгаа. Хуулийн зохицуулалт сул байсан үед хуулийн хулгай хийх бололцоо, нөхцөл нээлттэй байсан гэж би үздэг. Тухайлбал том орд газруудын ашиглалттай холбоотой асуудлууд дээр гарч байсан. 2012-2016 онд Эдийн засгийн өршөөлийн хууль гэж гаргаад 33 их наяд төгрөгийн хэмжээний асуудлыг цайруулсан. Бизнес эрхэлж байгаа ААН-үүдийг ижил гараанаас эхлүүлнэ гэсэн нэрийн дор асар их хулгай луйвар гарсан. Нөгөө талаас хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах хэрэгтэй. Хууль батлаад хөгждөг бол Монгол улс хөгжихөөр боллоо. 1990 оноос хойш шинэ харилцаа, төрийн тогтолцоонд шилжснээс хойш хууль үйлдвэрлэснээрээ дэлхийн бусад орнуудын хэмжээнд айргийн 5-д орох байх. Гэтэл бодит үр дүнд эргэлзээтэй.
Ганц жишээ хэлэхэд Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой цагаан дээр хараар бичсэн хууль байтал зөрчөөд гэрээг нь хийсэн. Техник зураг төслийн зураг гараагүй байхад ТЭЗҮ-г нь боловсруулсан. Үүнээс болж дэлхийд 3-т орох том орд баялагтай Монгол улсын эрх ашиг хангагдахгүй байна.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.