О.Содбилэг: Аливаа хуулийн хэрэгжилтээс үүсэх үр дагаврыг яаж шинжлэх вэ?
Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
"Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх тухай хуулийн төсөлд хэд хэдэн удаа дурдсан байдаг. Үр дүнгийн үнэлгээг яаж боловсронгуй болгож, сайжруулах вэ?
Өнгөрсөн парламентад Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай, Төсвийн тухай, Олон улсын гэрээнд нэгдэх зэрэг улс орны хэмжээнд тусгалаа олсон гол, чухал хуулийг зөрчиж ирсэн. Тиймээс эдгээр хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг яаж шинжлэх талаар уг хуулийн төсөлдөө тусгасан уу?
Олон улсын гэрээ гэхэд Дубайн гэрээгээ жишээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын баталгаатай хөрөнгө оруулалтийг Рио Тинто компани авсан. Эргээд Монгол Улсад уг хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.
Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд өмнө нь гарсан энэ мэт алдаануудыг засах ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан гэж үзэж байна."
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 12,1,6-д “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”, 12,1,5-д “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлал” гэсэн хоёр аргачлалыг нэгтгэсэн.
Хууль тогтоомжийн тухай хуулийн гарын авлагад хуультай холботой журам, заавар, аргачлалууд бий. Уг гарын авлагын 147 дугаар хуудсанд “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” нилээд дэлгэрэнгүй, тодорхой бий.
Тухайлбал, үнэлгээ хийх шалтгааныг тодорхойлох, үнэлгээ хийх хүрээг тогтоох, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг шалгаж тогтоох, харьцуулах хэлбэрийг сонгох, шалгуур үзүүлэлтийг томьёолох, үнэлгээ хийхдээ төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх гэсэн үе шаттай байна гэх зэргээр маш дэлгэрэнгүй аргачлал оруулж өгсөн.