УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.05.11

Ц.Даваасүрэн: Ямар шалтаг байгаад ингэж хурдтай оруулж ирж байна вэ?

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар асуулт асууж хариултаа авлаа.

Дээрхи гишүүдийн дийлэнх нь ажлын хэсгийн ахлагч, хууль санаачлагч Х.Нямбаатарыг тус хуулийн төслийг оруулж ирж буй нь их хоомой үйл хэрэг байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Ц.Даваасүрэн гишүүн асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Асуулт асуугаад хариултаа авч чадахгүй байна. Энэ хуулийн төслийг яаралтай оруулж ирэх ямар үндсэн шалтгаан байна вэ. Миний санаачилсан улсын их хурлын бүтэц төрийн алба бий болгох тухай хуулийн төсөл үндсэндээ гурван жил болж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан хууль ногоон гэрлээр ороод ирлээ. Саяхан бид энэ хуулийг унагасан шүү дээ. Яагаад гэвэл Засгийн газрын хууль санаачлах эрхийг хялбарчилсан заалт багтсан байна. Хууль санаачлагчид тэгш байх ёстой. Татвараас чөлөөлөх хуулийн төслийг тооцоо судалгаагүй оруулж ирж болно ч гэж байх шиг, дипломат албыг болно ч гэж байх шиг ингэж болохгүй шүү дээ. Ямар өгөөж өгөх юм бэ? ямар өөрчлөлт гарах юм?  гэтэл энэ зүйлийг хөнгөвчилнө гээд оруулаад ирдэг. Хуулийн төсөл дээр хууль хүчингүй болгохыг яагаад нэмсэн юм бэ?

Ер нь Х.Нямбаатар гишүүнээ өөрт чинь нэг зүйлийг хэлмээр байна.Та бүтэн жил суучхаад том том хуульд гар дүрэх хэрэгтэй. Ах нь тэгээгүй. Ах нь төрийн байгууллагад 10 жил ажиллаад, УИХ-д орж ирсэн. Чи битгий хүний гар хөл болоод савсагнаад гүйгээд бай. Нэг их ухаантай банди ороод ирчихсэн, бүх хууль өөрчлөөд гүйгээд байдаг. Хууль тогтвортой байх хэрэгтэй. Бид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталсан. Тэгээд одоо бидний баталсан хууль муу хууль юм гээд кноп дараад сууж байх уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Засгийн газрын үйл ажиллагааг хялбаршуулж өгөх гээд байна гэдэг зүйлийг Ц.Даваасүрэн гишүүн ярьж байна. Гэтэл гурван хууль санаачлах субъектэд бүгдэд нь хамаатай. Би Даваасүрэн гишүүнд юу хэлхэв. Намайг элдвээр доромжилж хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Би доромжлоогүй. Анхааруулж байна. Анхааралтай бай. Парламентад бүтэн суусан гишүүд наад хуулийг боловсруулахад оролцсон байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүн та юмаа ойлгож өөрчлөөд байна уу, ойлгохгүй өөрчлөөд байна уу.