УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.05

О.Баасанхүү: Хэрэгжих боломжгүй гэсэн энэ хуульд ямар үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа юм бэ?

Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Энэ хуулийг би өмнөх парламентийн үед дэмжихгүй байсан одоо ч бас дэмжмээргүй байна. Хууль тогтоомж боловсруулах, хууль тогтоомж сурталчилах гээд бага хэмжээний ч гэсэн төсвийг УИХ-ын гишүүдэд баталж өгдөг.

Энэ төсөвлөгдсөн мөнгөө бид бага гэж чамлахгүйгээр Хууль зүйн яамнаас илүү материал, судалгаатай, эрх зүйн мэдлэг чадалтай хүмүүсийг ажиллуулж, гадаадын эрдэмтэдээр шүүлгэж, салбарын хүмүүсийн санал авсан хуулийг өргөн барьж байгаа.

УИХ-ын гишүүдийн өргөн барьж байгаа хуулиуд  99 хувь судалгаатай байдаг гэсэн үг. Гэтэл яагаад Засгийн газраас бусад нь тэнэг гэж байгаа юм шиг зүйл оруулж ирээд байгаа нь сонин байна. Нөгөөтэйгүүр энэ хуулийг хэрэгжүүлснээр хууль санаачлагчын эрхэд халдаад байгаа юм биш үү?

 Энэ хуулийг хэрэгжүүлж болохгүй байна гэсэн хэрнээ ямар өөрчлөлт оруулж байгааг би ойлгохгүй байна. Хэрэгжүүлж байж бололцоогүй  юм байна гэдгийг мэднэ шүү дээ. Гэтэл одоо хэрэгжүүлье гэсэн чинь нэмэлт өөрчлөлт оруулаад ирлээ.

Тэгвэл энэ нэмэлт өөрчлөлтийг та бүхэн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд оруулж ирээд байна уу эсвэл өмнөх хууль нь болохгүй байна гэдгийг яг ямар асуудалд үндэслэн гаргаж ирэв гэдгийг асуумаар байна?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Баямбацогт:

Энэ асуудалд харын тал, цагааны тал, манай, танай гэсэн зүйл огт байхгүй. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр хууль санаачилж байгаа 78 сувьектэд адилхан л зовлон бэрхшээл учраад байгаа юм О.Баасанхүү гишүүнээ.

Тийм учраас бид давхардсан хийдсэн асуудлыг нь шийдэе гэж нөгөөтэйгүүр зайлшгүй хуульчилсан асуудлыг шийдэх үүднээс энэ нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа юм. Бусдаар УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаад Засгийн газар өөртөө эрх олгож байгаа юм байхгүй.

2015 оны 5 дугаар сард батлагдсан энэ хуулийг хэрэжүүлэх бэлтгэл ажил хангаж байх явцад тэр дундаа Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд 76 гишүүнд энэ хууль хэрэгжих гэж байгаатай холбогдуулан сургалт явуулах гэж байгаа тухай албан бичиг явуулсан.

УИХ-ын гишүүдийн хуулийн зөвлөх, яамны хуулийн хэлтсийнхэн гээд 500 хүний дунд энэ тухай хангалттай сургалт явуулсан. Өөрөөр хэлбэл энэ хууль хэрэгжихэд хэтэрхий хатуу шалгуур, өндөр босготой юм байна гэж үзсэн хууль санаачлагч, бусад мэргэжлийн хүмүүсийн  санал дүгнэлтэнд үндэслэж энэ тодорхой өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа юм. Түүнээс биш хэн нэгнийг илүү үзээд өөртөө давуу эрх олгох гэсэн санаа биш юм шүү гэдгийг хэлье.