Ж.Эрдэнэбат: АН Говь-Алтайн алт, хүдрийн ордод санаархвал МАН зүгээр хараад суухгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Эрдэнэбат
2014.01.21

Ж.Эрдэнэбат: АН Говь-Алтайн алт, хүдрийн ордод санаархвал МАН зүгээр хараад суухгүй

Өнгөрсөн ням гарагт Говь-Алтай аймагт орон нутгийн дахин сонгууль болж, нийт 17 суудлын төлөө АН, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс тав нь тойрогт, 12 нь намын нэрээр дэвшин өрсөлдөж, АН үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Ийнхүү өнгөрсөн 20 гаруй жил МАН ээлж солиогүй ялалт байгуулж, час улаан байсан Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд АН 17 суудал авч анх удаа цэв цэнхэр болов. Энэ сонгуулийн өмнө Говь-Алтай аймагт ажилласан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Эрдэнэбаттай сонгуулийн өмнөхөн ярилцсанаа хүргэж байна.

-Монгол Улсын 17 дахь Ерөн­хий сайд П.Жасрай агсан нэ­гэнтээ “Говь-Алтай аймаг бол Монгол Улсын хөгжлийн зад­лаа­­гүй үүц” гэж хэлсэн байдаг. Одоогоор задлаагүй байгаа энэ үүцийн төлөө АН, МАН-ын далд тэмцэл ихээхэн хүчээ авч байна. Өнөөдөр тэнд ер нь ямархуу нөхцөл байдал үүсээд байгааг тайлбарлана уу?

-Говь-Алтай аймгийн тухайд дахин сонгууль явуул гэсэн шүүхийн шийдвэр гарсныг иргэд мэдэж байгаа байх. Энэ нь юутай холбоотой гэхээр МАХН-ын зүгээс орон нутгийн сонгуульд оролцож чадаагүй гэсэн нэхэмжлэл гаргас­наар дахин сонгууль явуулах нөхцөл бүрдсэн юм. Газар дээр нь очоод нутгийн иргэдтэй уулзаад явахаар шүүхийн шийдвэр гарч, дахин сонгууль явуулах болсон талаарх мэдээллийг орон нутгийн иргэд бүгд шахуу л сонсож, дуулсан байна лээ.

Говь-Алтайн тухайд нэг нам хоёр, гурван даргатай болчихоод үл ойлголцол үүсч, хэрүүл тэмцэл нь аймаг, орон нутгийн 50 гаруй мянган иргэдийн эрх ашгийг хохироож байгаа нь даруйхан шийдэх ёстой хүндрэл мөн л дөө. Энэ талаар уулзсан иргэн болгон асууж, шаардаж байсан.

Гэхдээ асуудлын гол нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа говийн их дархан цаазат газрын хэвлийд байгаа алт, хүдрийн баялаг руу эрх баригчид улайран дайрахын урьтал байхыг ч үгүйсгэж бо­лохгүй юм. Өнөөдөртөө Говь-Алтайд сөрөг хүчин олонх байгаа нь эрх баригчдын дур­гүйцлийг ихээхэн хүргэж буй гэдгийг бид сайн мэдэж, мэ­дэрч байгаа. Ерөнхийдөө эрх баригч­дын таалалд Монгол Улсын хөгжлийн задлаагүй үүц болсон Говь-Алтай аймагт МАН олонх байгаа нь огт нийцэхгүй байгаагаас дахин сонгууль явуу­лах шийдвэрийг шүүхээр далайлган гаргасныг бид бүхэн харж л байна.

-Тэгвэл Говь-Алтайд дахин сон­г­ууль явуулж байгаа нь эрх баригчдын шахалтаар, хүчинд ав­тан хийгдэж байгаа улстөрийн кам­панит ажил болж таарч байна уу?

Зөвхөн энэ сонгуулийг явуулахын тулд улсын төсвөөс 200 орчим сая төгрөг салхинд хийсгэж байгаа юм.

-Өвлийн хүйтэнд, Монголын уламжлалт баяр Цагаан сар ойртож, хөдөөгийн иргэд бэлт­гэл ажилдаа хүч, анхаарлаа төв­лөрүүлж байгаа энэ үед да­хин сонгууль яаравчлан хийж байгааг орон нутгийн иргэдийн ихэнх нь тун дурамжхан хүлээж авч байна лээ. Би ч гэсэн тэдгээр иргэдтэй санал нэг байгаа.

Зуны дэлгэр цагт ирц нь хүрдэггүй сонгуулийг хүйтэн сэрүүний үед явуулснаараа иргэд ихээхэн хойрго оролцож, бүртгүүлсэн иргэдийн тал хувь нь л саналаа өгвөл их юм болох байх. Тэгээд ч Монгол Улсад газар нутгийнхаа хэмжээгээр Өмнөговийн дараа хоёрт ордог энэ өргөн дэлгэр нутагт тархан амьдарч байгаа хөдөөгийн иргэд маань яг өдийд улстөржиж давхихаасаа илүүтэй өвлийг өнтэй давахаа л урьтал болгох нь тодорхой шүү дээ.

Ер нь дахин сонгууль явуулах энэ шийдвэр нь төрд ч, иргэдэд ч хохиролтой, ёстой л жонхуурсан юм болж байна. Зөвхөн энэ сонгуулийг явуулахын тулд улсын төсвөөс 200 орчим сая төгрөг салхинд хийсгэж байгаа юм. Яг газар дээр нь очоод нягтлаад үзэхээр хамгийн ойроос саналаа өгөх иргэд таван км газар туулах бол, хамгийн хол нь 120 км газраас зорин очиж саналаа өгөхөөр байна лээ. Хөдөөгийн иргэд 120-140 км газар туулж саналаа өгөхөд хэчнээн хэмжээний зардал, чирэгдэл гарахыг тооцоод үзэхэд л энэ удаагийн сонгууль олон хүний бухимдлыг төрүүлж байгаа нь тодорхой.

-МАН-ын зүгээс дахин сон­гууль явуулах ямар ч шаард­лагагүй, өмнөх сон­гуулийн үр дүн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм аа даа?

-Ер нь тэгж үзэж байгаа. Яагаад гэвэл өмнөх орон нут­гийн сонгуулиудын үед аймгийн иргэдийн хурал нь өөрсдөө тойр­гийн хороогоо байгуулаад яв­чихдаг байсан. Харин 2012 оны орон нутгийн сонгуулийн тойргийн хороог байгуулахдаа аймгийн иргэдийн хурлаас санал аваад Сонгуулийн ерөн­хий хороо баталж өгсөн. Гэ­тэл өнөөдөр АН-ын зүгээс “МАН эрх барьж байхдаа орон нутгийн сонгуулийн тойргийн хороог байгуулахдаа МАХН-ыг оруулаагүй” гэж улайм цайм гүжирдэж байгаа.

МАХН-ыг оруулаагүй үндэслэл нь тухайн үед энэ нам хоёр даргатай болсноос шалтгаалан тойргийн хороонд хоёр материал явуул­сан байгаа юм. Тэгэхээр нь ма­териалаа нэгтгээд дахин явуул гэтэл МАХН-ын материал хо­цорчихсон.

Ингээд л МАХН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулах боломжгүй гэж л үзсэн юм билээ. Харин шүүхээс парламентад суудалтай улстөрийн хүчнийг хавчин гадуурхсан үйлдэл болжээ гэж үзээд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Уг нь Мон­гол Улсын Үндсэн хуульд орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил үргэлжилнэ гээд заачихсан байгаа. Ингэхээр өнөөдөр Говь-Алтайд өрнөж байгаа асуудал нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг мөн. Яг нарийн шүүгээд үзвэл дахин сонгууль явуулах шүүхийн шийдвэр нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл.

-ЗГХЭГ-ын дарга Ч.Сайхан­билэг мэдээлэл хийхдээ “Говь-Алтай шиг ганцхан Засаг дарга 23 жил эрх барьж байгаа аймаг байхгүй” гэсэн нь санамсаргүй амны алдаа байсан уу, санаа­тайгаар сөрөг хүчнээ гутаах гэсэн болчимгүй арга байв уу. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Мэдээж санаатай л хийж байгаа үйлдэл. Нэг аймгийн Засаг даргаар 23 жил дархлагдсан хүн гэж Мон­гол Улсын түүхэнд байхгүй. Зүгээр найман жил ажилласан хү­мүүс байдаг. Энэ дундаас Булган аймгийн Засаг даргаар 12 жил ажилласан М.Оюунбат дарга л аймгийн Засаг даргаар хамгийн олон жил ажилласан хүнээр өрсөл­дөгчгүй тодрох учиртай. Би ч өөрөө Сэлэнгэ аймгийн удирд­лагаар ажиллаж байсны хувьд М.Оюунбат даргыг “том ах” гэж дууддаг л байлаа.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хувьд нэг аймгийн Засаг даргаар нэг хүн 23 жил ажиллах ямар ч боломжгүй гэдгийг хамгийн сайн мэдэх ёстой. Аль эсвэл мань эр хэтэрхий улстөржиж байгаад үгийн алдаа гаргасан юм байлгүй дээ. Говь-Алтай аймгийн иргэдийн хувьд өнгөрсөн 23 жилийн хугацаанд МАН-д итгэл, сэтгэлээ алдал­гүй саналаа өгсөөр ирсэнд бухимдахдаа хэл нь хальтирсан юм байгаа биз дээ. Төрийн сайд хүн ийм хариуцлагагүй мэ­дээлэл хийж байхад хэвлэл мэдээллийнхэн өлгөж авах нь аргагүй л дээ. Хоёр гурван ч со­нин дээр харагдаж л байна лээ.

-Та сая Говь-Алтай аймагт ажиллаад ирж. Өвөлжилт ямар­хуу байна. Ер нь хөдөөгийн ир­гэдийн амьжиргаа, аж байд­лыг УИХ-ын гишүүний хувьд хэрхэн дүгнэж явав даа?

-Орон нутгийн удирдлагаар ажиллаж байсан хүний нүдээр харахад сая миний ажилласан Говь-Алтай аймгийн таван су­мын хувьд модгүй болохоор байшин цөөтэй байдаг юм байна. Бусад асуудлын хувьд Сэлэнгэ аймгаас гойд ялгараад байх зүйл алга. Иргэдийн хувьд “Гуравхан жилийн өмнө оройдоо 4-5 цаг л гэрэлтэй байдаг байсан бол одоо 24 цагийн гэрэлтэй болж, хот суурингаас сүйдтэй ялгараад байх юмгүй болсон” гээд их л урамтай байна лээ.

Говь-Алтай аймаг аль намыг эрх барьж байх үед байнгын гэрэл цахилгаантай болсон юм бэ гээд яривал тодорхой хэмжээнд говь нутагт хөгжил дэвшлийн үрийг МАН тарьжээ гэж үзэх бүрэн үндэстэй юм. Аль засгийн үед ганц далайлтаар бөөн хөрөнгө мөнгө гаргаад нэг аймгийг тэнгэрт тултал хөгжүүлчихнэ гэж байхгүй л дээ. Харин аливаа хөгжил гэдэг явцын дунд зогсолтгүй урсгалаар явдаг жамтай.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН маш их ач хол­богдол өгч байгаа. Энэ сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт АН эрх баригч болж, одоо яригдаад байгаа улсын тусгай хамгаалалттай Эрдэнэ, Цогт сумдын нутагт байгаа алт, хүд­рийн орд газрууд руу дайраад эхэлбэл МАН ямар хариу үйлдэл хийх вэ?

-ЗГХЭГ-ын даргын 2013 оны есдүгээр сард Говь-Алтай аймгийн Засаг даргад явуулсан албан бичиг бол Засгийн газрын байр суурь гэж үзэхээс өөр арга байхгүй. Гэтэл зарим сайд нь өнөөдөр “тийм бичиг явуулаагүй, мэдэхгүй, хараагүй” гэж тас мэлзэж байна. Нэгэнт энэ Засгийн газрын байр суурь ийм байгаа бол 1.5 их наядаар тасарсан төсвийн орлогоо нэмэг­дүүлэхийн тулд тэр ордууд руу дайрахыг үгүйсгэх аргагүй. Магадгүй Говь-Алтай аймагт МАН цөөнх болсон тохиолдолд Н.Алтанхуягийн Засгийн газ­раас ихээхэн шахалт дарамт ирэх нь тодорхой.

Тэгэхээр МАН-ын зүгээс улстөрийн бо­лоод бусад төрлийн тэмцлийг хүчтэй үзүүлэх болно. Говийн их дархан цаазат газарт Монголд байтугай дэлхийд ховордож, улаан номонд орсон олон амь­тан байгаа. Тэгээд ч говийн эмзэг хөрсийг сэндийлж тэнд алт, хүдэр олборлоод эхэлбэл Говь-Алтай аймагт жинхэнэ экологийн сүйрэл нүүрлэх бол­но. МАН-ын зүгээс ийм байдал хэрхэвч гаргуулахгүйн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Өөр зам байхгүй.