Д.Оюунхорол: Намын дэргэдэх ТББ-ууд шинэчлэлийн үйл хэрэгт  түүчээлж оролцох ёстой
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2014.01.14

Д.Оюунхорол: Намын дэргэдэх ТББ-ууд шинэчлэлийн үйл хэрэгт түүчээлж оролцох ёстой

Энэ сарын 17-нд МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VI чуулган болох гэж байна. Уг чуулганы талаар НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа. 

-НАМЭХ-ны ээлжит чуулганы талаар товч мэдээлэл өгнө үү?

-НАМЭХ-ны Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэж,баталсан. МАН XXVII Их хурлаа хуралдуулж,намын шинэчлэлийн бодлогоо гаргаад удаагүй байна. Шинэчлэлийн үйл хэрэгт намын дэргэдэх төрийн бус байгууллагууд түүчээлж ажиллах ёстой гэдэг утгаар НАМЭХ хамгийн түрүүнд санаачилж, чуулганаа хийх гэж байна. МАН-ын дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан энэ удаагийн чуулганаар НАМЭХ дүрэмдээ өөрчлөлт оруулна.

Мөн миний хувьд өөрийн хүсэлтээр холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгөх гэж байгаа учир дараагийн Ерөнхийлөгчийг сонгох зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Бид Удирдах зөвлөлөөрөө НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд МАН-ын боловсон хүчнийг шилж,сонгох шалгуурын дагуу намын Бага хурлын гишүүн Б.Ундармаа,Ц.Цогзолмаа нарын нэрийг Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж,намын удирдлагад танилцуулсан.

Энэ хоёр эмэгтэй хоёулаа  манай намын бэлтгэгдсэн боловсон хүчнүүд. НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн баримталсан  өрсөлдөөний зарчмыг хүндэтгэн үзэж байгаа М.Энхболд даргад талархалтай хандаж байгаагаа хэлмээр байна. Ер нь бол намын боловсон хүчний бодлого шат шатандаа өрсөлдөөний зарчмаар явж байж бодит шинэчлэл болно гэж үзэж байна.

-Таны хувьд өөрийн саналаар ажлаа өгөхөөр шийдсэн гэж байна. Яагаад ийм сонголт хийв?

-Миний хувьд энэ ажлыг хоёр жил зургаан сар хийсэн.Том намын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлно гэдэг тийм амар ажил биш. Яг өнөөдрийн тухайд нам маань сөрөг хүчин болсон байгаа учраас ажил үүргийн хуваариа зөв хуваарилж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа. Би УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албыг хашдаг. Бид амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Тийм учраас ажил,үүргээ цалгардуулахгүй гүйцэтгэх юмсан гэж хичээж байна.

Тэгээд ч нэг хүн ёлкны чимэглэл шиг олон албан тушаал хаших нь зохимжтой бус гэж хувьдаа үздэг. Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний хувьд баримталж байгаа бас нэг зарчим гэвэл НАМЭХ-ны тэргүүн цаашдаа орон тоогоор, нам дээрээ сууж ажиллах ёстой гэж бодож байгаа. Ингэж байж гишүүд, дэмжигчдэдээ хүрч ажиллах бүрэн боломжтой болно.