Говь-Алтайн дахин сонгуульд АН яллаа
сонгуульд Ардчилсан нам илт давуу ялалт байгуулжээ.
2014.01.20

Говь-Алтайн дахин сонгуульд АН яллаа

Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад өчигдөр орон нутгийн дахин сонгууль болсон юм.

Уг сонгуульд Ардчилсан нам илт давуу  ялалт байгуулжээ. Нийт 17 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс тав нь тойрогт, 12 нь намын нэрээр дэвшиж ялсан суудал юм. Ийнхүү дахин сонгуульд Ардчилсан нам ялж, 17 суудал намдаа авчирснаар Говь-Алтай аймагт тус нам анх удаа Засаглах эрхтэй болж байна.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд  дан ганц МАН ялж байв. Харин энэ удаагийн орон нутгийн дахин сонгуульд Ардчилсан нам 17 суудлыг авснаар анхны ялалтыг авчирлаа.

Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдсаны дараа Ардчилсан намаас Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Ж.Батсуурь, Д.Анхбаяр нар тус аймгийг зорьж, орон нутагт ажилласан юм.