Д.Оюунхорол: МАН тоглоомын дүрмээ өөрчлөх цаг болжээ
Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны зургадугаар их хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордоны гуравдугаар давхарт хуралдаж байна. Чуулганы хуралдаан бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлд НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын илтгэлээр эхэллээ.
Д.Оюунхорол гишүүн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо болон эмэгтэйчүүдийн байгууллагын үр дүнгийн талаар эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцсан юм.
Тэрбээр, “шат шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо идэвхгүй сул явж ирсэн нь удирдлагуудын хайхрамжгүй байдлаас шалтгаалж байсан гэдгийг нуух аргагүй юм. Эмэгтэйчүүд маань бүх л ажлын түүчээ болж ажиллаж ирсэн. Гэсэн ч намын жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүдийг урдуур жагсаагаагүй, бидний шүүмжлэлтэй тулгарч байж Д.Сарангэрэл гишүүнийг багтаасан зэргийг энэ индэр дээрээс хатуухан шүүмжилмээр байна.
Харин АН-ын тоглоомын дүрэм тун өөр байсан. Тэд өнгөрсөн сонгуулиар ялагдсан шалтгаанаа олж хараад бид эмэгтэйчүүдээ дэмждэггүй байсан юм байна гэж дүгнэлт хийсэн учраас намын жагсаалтад гурван эрэгтэй тутамд нэг эмэгтэй байхаар жагсаасан нь шударга хуваарилалт болж чадсан. Энэ тоглоомын дүрмээр явснаар тухайн намаас улс төрд маш олон эмэгтэй гишүүд орж ирсэн.
Харин манай намаас хоёрхон эмэгтэй гишүүн байгаад одоо үнэлэлт дүгнэлт өгч, тоглоомын дүрмээ өөрчлөх хэрэгтэй болжээ. Н.Энхболд даргын хувьд эмэгтэйчүүд, жендерийн асуудалд хамгийн мэдрэмжтэй дарга байсан гэдгийг үе үеийн удирдлагууд хүлээн зөвшөөрдөг. Одоо ч тэр зарчмаа баримталж ажиллаж байгаа.
Улс төрийн үүрэг хүлээлгэх, биднийг залгамж халаагаа бэлтгэх боломжийг бүрдүүлж, барууны оронд өндөр боловсрол эзэмшсэн Х.Булгантуяаг намын нарийн бичгийн даргаар томилсон явдалд эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархаж байна.
Цаашдаа ч энэ байдлаар ажиллана гэдэгт итгэлтэй байна. МАН-ынхан дотоод эв нэгдлээ сайтар анхаарч ажиллах учиртай. Захын нэг суманд очиход эмэгтэйчүүд намын итгэлийг авч улс төрд орчихоод урван тэрсэлж, намынхаа жирийн мянган мянган эмэгтэй гишүүдийн урмыг хугалж байгааг хэлж байна.
Бид Д.Арвин гишүүнд итгээгүй биш итгэсэн. Гэтэл биднийг дэмжээгүй мэтээр ярьж байсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Гэхдээ би тохирох хариуг нь барьсан.
Цаашдаа энэ мэт асуудлаа ч анхаарч ажиллацгаая” хэмээлээ. Д.Оюунхорол гишүүний илтгэлийн дараа түүний ажлыг авч, залгамжлах НАМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гишүүдийг танилцуулна.