С.Бямбацогт: Эрх баригч болонгуутаа улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэдийн эрхэнд халдахаа болих хэрэгтэй
МАН-ын бүлгийн хуралдаан
2014.01.20

С.Бямбацогт: Эрх баригч болонгуутаа улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэдийн эрхэнд халдахаа болих хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь болох гэж байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар зүсээ хувирган орж иржээ. Уг хуулийн төсөлд алтны компаниудаас авч байгаа нөөцийн төлбөр, өсөн нэмэгдэх 10 хувийн татварыг 2.5 хувь болгож дөрөв дахин бууруулахаар тусгасан байна.

Энэ хүрээнд "Оюутолгой" компанид гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх бодлого агуулж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй байна. Харин эдийн засаг талаасаа ч, үндэсний компаниудаа дэмжих талаасаа ч таван хувийн татвар боломжийн гэдэг дээр МАН-ын бүлэг санал нэгдсэн гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. 

Мөн Газрын тухай хуулийн төсөлд бэлчээрийг малчдад эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн талбайг иргэдэд өмчлүүлэх, хот суурин газрын газрыг гадаадын иргэнд эзэмшүүлэх, сертификат олгох заалт тусгагджээ. Харин МАН-ын бүлгийн хувьд уг хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө бэлчээрийг эзэмшүүлэх, өмчлүүлэх цаг болсон эсэх талаар нухацтай судалж, иргэдийн санаа бодлыг сонсож ажиллахыг чухалчилж байна.

Ингэхдээ өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн талбайг өмчлүүлэх шаардлага бий эсэх, гадаадын иргэдэд  хот суурин газрын газрыг сертификатаар 60, сунгалт хэлбэрээр 40, нийт 100 жил эзэмшүүлэх нь зөв үү, буруу юу гэдэг талаар ард иргэдийн санаа бодлыг сонсох, иж бүрэн судалгаа хийх ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.

Өнгөрсөн бямба гаригт Засгийн газрын хуралдаанаас Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 50 сая болгох хуулийн төсөл юм байна.

Харин өнгөрсөн оны хавар МАН-ын бүлгийн гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлсэн үүнтэй ижил агуулга бүхий хуулийн төсөлд нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая төгрөг болгох буюу иргэн, аж ахуйн нэгжид дээрх хуулийн төсөлтэй харьцуулахад илүү боломж олгохоор тусгасан байна. Гэвч уг хуулийн төслийг өнөө хүртэл хэлэлцэхгүй удаашруулсаар байгаа юм.

Тиймээс бүлгийн дарга С.Бямбацогт "Энэ сард МАН-ын бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай, Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх гэх мэт ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн хуулийн төслүүдийг өргөн барьсан.

Гэтэл МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхгүй хав дарж үлдээдэг атлаа өөрсдийнхөө санаачилсан хуулийн төслийг дараалал харгалзахгүй оруулж ирж байна" гээд УИХ-д өргөн барьж байгаа хуулийн төслүүдийг хэлэлцэх тодорхой дүрэм журамтай болгох, аль нэг эрх мэдэлтэн, дарга асуудалд өөрийн үзэмжээр ханддаг байдлыг болиулах хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр болсныг мэдэгдлээ.