МАН “мэргэшсэн” багаа Алтайд илгээжээ
Говь-Алтай аймагт энэ сарын 19-нд орон нутгийн дахин сонгууль болно.
2014.01.16

МАН “мэргэшсэн” багаа Алтайд илгээжээ

Говь-Алтай аймагт энэ сарын 19-нд орон нутгийн дахин сонгууль болно. Дахин сонгууль явуулах болсон шалтгаан нь тус аймгийн сонгуулийн тойргийн хороо нь МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөнтэй холбоотой.

Тус аймагт 17 тойрогт сонгууль явуулахаас таван тойрогт нь нэр дэвшигчийг, 12 тойрогт нь намыг дугуйлах ёстой юм.

Сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлж байгаа нь МАН-ын зүгээс сонгуулийн компанит ажлаа эрчимжүүлэхэд хүргэжээ. Тодруулж хэлбэл, тус намын хувьд Алтай нутагт болох дахин сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь парламентын гишүүдээр хүч хаяж буйгаар илэрнэ.  Чингэхдээ мөнгө тараахдаа мэргэшсэн өөр, өөрийн өвөрмөц арга барилтай гишүүдээ дахин сонгууль болох сум бүрийг хариуцуулжээ.

Тухайлбал, Увс аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилүрсэн, Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн нар дахин сонгууль зарласан сумдад ажиллах үүрэг хүлээсэн байна.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын хувьд Говь-Алтай аймгийн сумдад ажиллаж байгаад иржээ.