С.Бямбацогт: Хуурай лоозогносон, хийрхлийн шинжтэй дүгнэлтүүд Засгийн газрын тайланд цөөнгүй байна
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.01.20

С.Бямбацогт: Хуурай лоозогносон, хийрхлийн шинжтэй дүгнэлтүүд Засгийн газрын тайланд цөөнгүй байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ
    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, танилцлаа.

Тайланд нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хүрээний асуудлууд багтжээ. Тодорхой хэмжих шалгууртай тоон үзүүлэлттэй зүйл ч байна, барих барьцгүй, уриа лоозонгийн шинжтэй хоосон хийрхлүүд ч байна. Ерөнхий сайдын тайлагнасан Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил, Авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр хийсэн ажил, Бүтээн байгуулалтын чиглэлээр хийсэн ажил гэсэн 3 үндсэн чиглэл тус бүрээр УИХ дахь МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 Нэг. АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР:

Шуудхан хэлэхэд ард иргэдийн амьдралыг дээшлүүлсэн гэж болсон болоогүй ажлыг хамж шимж хэлэхээсээ Ерөнхий сайд ичмээр дүр зураг нэгэнт бодит байдал болжээ. Худлаа хэлж улстөржлөө гэж бүү хэлээрэй, Ерөнхий сайд аа!     Энд олон тоо баримт яриад талцаж мэтгэлцээд байх шаардлага алга байна. Үүнийгээ ч Засгийн газар хүлээн зөвшөөрсөн аятай тайлангаас цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулсан, инфляцийн өсөлт, ханшийн үнэгүйдлийг барьж чадсан гээд бахархан хэлчихмээр үгс бараг сонсогдсонгүй ээ.

Тайланд нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хүрээний асуудлууд багтжээ.

 Өнгөрсөн 18 сарын хугацаанд ард иргэдийн амьжиргааны гол үзүүлэлтийг илэрхийлсэн макро ба микро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд хэрхэн ухарсныг дахин сануулъя:
•    Манай улс өрсөлдөх чадварын индексээр 2012 онд 144 орноос 93 дугаар байрт жагсаж байсан бол 2013 онд 107 дугаар байранд орж, 14 байраар ухарлаа.
•    2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд шагшигдан тэргүүлж, 20 хувийн өсөлт гаргаж байсан Монгол Улс маань 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 50 хувиар бууруулж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ байсныг В- болгосон сөрөг “амжилт”-аараа олон улсыг гайхуулж эхэллээ.
•    Дэлхийн банкны судалгаагаар манай гадаад өр нэг жилийн дотор огцом нэмэгдэж ДНБ-ий 63,5  хувьтай тэнцэх болов.
•    Ганцхан жилийн дотор Монгол банкны валютын нөөц "Чингис" бондын 1.5 тэрбумыг хасаж тооцоход 2 тэрбум 700 сая ам.доллараас 809 сая болтлоо эрс багасчээ.  
•    Долларын ханш 1400 төгрөгөөс 1700 болж өслөө.
•    Улсын төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр буюу 20 гаруй хувиар тасалдсан гэж шинжээчид дүгнэж байна. Засгийн газар төсвийн алдагдлыг 2 хувьд барьсан гэж мэдэгдэж байгаа ч  бодит байдалд "Чингис" бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийг нэмж тооцвол энэ алдагдал 2013 онд 12,5 хувьтай байна гэж статистик үзүүлэлтүүдэд дурджээ.

    Засгийн газрын тэргүүн маань ард иргэдийн амьжиргаа ер нь боломжийн байгаа, эдийн засаг өсөлттэй байгаа, 3 төрлийн бараа материалын үнэ буурсан гэж тайландаа онцолжээ. Үүнд, шатахууны үнийг 50 төгрөгөөр, нүүрсний үнийг 200 мянгаас 80 мянга, хүртэл, цементийн үнийг 165 мянгаас 135 мянган төгрөг болгон буулгаснаа тайлагналаа. Бусад өргөн хэрэглээний барааны үнийн тухайд буурсан, тогтвортой байлгасан гэх тухайд олон үг дуугарсангүй. Үнийн өсөлттэй санал нэг байгаа юм байна.
Үнэ буусан гэх шатахуун, нүүрс, цементтэй холбоотой асуудлыг судалж үзэхэд:

1.    Харьцангуй хямд нүүрсээр гэр хорооллын иргэдээ хангаж, тэдний амьжиргаанд тус дэм болж буй санаачлага нь урьд урьдын Засгийн газруудаас ихээхэн хөрөнгө, зохион байгуулалт шаардаж хийгдсэн утаа бага ялгаруулдаг зуухаар хангах, гэрийн дулаалга тараах, шахмал түлш нийлүүлэх зэрэг тодорхой ахиц авчирч байсан олон жилийн ажлын үр дүнг бүхэлд нь утгагүй, үр дүнгүй болгосон, нэгэнт гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг улам нэмсэн гэдэгтэй хэнбугай ч санал нэгдэх байх аа.

Эрүүл хүүхэд өсөн бойжих ямар ч аргагүй гамшигтай улаанбаатарчууд нийтээрээ нүүр туллаа. Тэр дундаа хорт бодисын агууламж өндөртэй, үнс ихээр ялгаруулдаг Багануурын нүүрснээс болж утаа өтгөрлөө гэж иргэд бухимдсаар байхад Засгийн газрын тэргүүн утаа шингэрсэн, хоргүй болсон, чанар нь сайжирсан, нүүрс хямдарсан гэх мэдэгдэл хийсээр байгааг зөвтгөх аргагүй бөгөөд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэгтэй адил болов.

2.    Шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан гэх боловч ард иргэд үнэ ямар төвшинд байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Зах зээлийн бус зохицуулалтаар шатахууны үнийг барих оролдлогоос болж нефть импортлогчид өнөөдөр  бөөний үнээс бага үнээр шатахууныг жижиглэн худалдаалж, өндөр алдагдалд орох эрсдэлтэй туллаа. Шатахууны үнэ тогтворжуулахаар 192 тэрбум төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлдүүлснээс одоогоор 30 орчим тэрбум төгрөг нь л эргэн төлөгдөж, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд асар их алдагдал хүлээх боллоо.  

3.    Засгийн газар цементийн үнийг 165 мянгаас 135 мянган төгрөг болгон хямдрууллаа гэж мэдээллээ. Бодит байдал дээр өнөөдөр цементийн үнэ 150 мянгаас 180 мянган төгрөгийн хооронд л байна. Барилгын ажил ид өрнөдөг үе буюу 8, 9 дүгээр сард 230 мянга хүрч байсныг Та бид мэднэ. Ийм илт худал мэдээллийг цаашид төрийн эрх барих дээд байгууллагад дахин хийхгүй байхыг, ард иргэдээ амаараа хууран мэхлэхгүй байхыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Танд сануулах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна.

    Засгийн газрын үнэ нь буурсан гэх 3 барааны тухайд бодит байдал ийм байна. Эл 3 барааны үнийн “бууралт”-ыг ард иргэдийн амьжиргааг жинхэнэ залгуулж буй өргөн хэрэглээний бараа материалын үнийн өсөлттэй нэгэнт харьцуулшгүй зөрүүтэй болжээ. Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн үнэхээр “Оргил өөд” гараад ард түмнээсээ тасраад энэ зааг ялгааг олж харахаа больчихов уу яав?!!

    Ерөнхий сайдын мэдээлэлд “Монголбанктай хамтран багц хөтөлбөр хэрэгжүүлж, цалин орлогоос хумслагч инфляцид илүү нөлөөлдөг гол нэрийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийг дунд хугацаанд хазаарлаж чадлаа. Үр дагаврын бус үндсэн шалтгааныг нь арилгах дэд хөтөлбөрүүдэд 248 тэрбум төгрөг олгов. Гурилын үнэ тогтвортой байж, нөөцийн махаар хангаж чадлаа” гэжээ.

    Гэтэл бодит байдал дээр “Үнэ тогтворжуулах” хүрэээнд 3 их наяд төгрөгийг ямар ч тооцоо судалгаагүйгээр зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө ийнхүү үр ашиг багатай зарцуулагджээ. Ийм хэмжээний мөнгөөр хэдхэн аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого явуулсны үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өнөөдөр тэнгэрт хадаж ард түмний амьдралд хүнд дарамт болоод байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрөгч өдрүүдэд хэд хэдэн зах, худалдааны төвүүдээр биечлэн явж, үнэ ханш ямар байгаа, ард иргэд энэ талаар ямар санаа бодолтой байгаатай танилцлаа.

Савласан "Алтан тариа" дээд гурил 2012 оны долдугаар сард 815 төгрөг байсан бол 1530 төгрөг болж 87,7, "Атар" талх 630 төгрөг байсан бол 860 төгрөг буюу 36,5, хонины ястай мах 5942 төгрөг байсан бол 7580 төгрөг буюу 32,1, үхрийн ястай мах 6726 төгрөг байсан бол 8750 төгрөг буюу 24,2 хувиар тус бүр өсөөд байна. 200 төгрөгийн үнэтэй байсан өндөг 500 төгрөг болж Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн “тансаг хэрэглээ” болж. Засгийн газар 2013 онд хүнсний гол нэрийн барааны үнийг энэ маягаар 13-100 хувь өсгөж 2014 онтой золгоод зогсолгүй 100 мянган тонн улаан буудай импортлох тухай ярих боллоо. Гэтэл 2012 онд 100 мянган тонн улаанбуудай экспортлох хэмжээний нөөцтэй байсан улс шүү дээ, бид. 2013 онд ийм л “үр дүн”-д хүрчээ, эрх баригчид маань! 2014 онд импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн Ерөнхий сайдын амлалт ийм л урвуу  байдалтай хэрэгжиж байна.

    Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил гэж лоозогноод байдаг Засгийн газраас  “Хаана байна аа, тэр ард түмнээ гэсэн сэтгэл чинь” гэж асуух цаг болжээ!!!

    2013 онд 52 мянган хүн ажилтай, орлоготой боллоо гэж Засгийн газар хэлж байна. Гэтэл 2012 онд 86, 2013 онд 301 аж ахуйн нэгж эдийн засаг, бизнесийн тогтворгүй орчноос болж хаалгаа барьжээ. Нийгмийн даатгалын ажилгүйдлийн даатгалын сангаас 2013 оны 11 дүгээр сарын байдлаар 14675 хүнд 13 тэрбум төгрөг олгосон байх юм. Энэ нь 2012 оныхоос 2 дахин их буюу 7.3 тэрбум төгрөгийг эсрэгээрээ ажилгүй болсон хүмүүст тэтгэмж болгон өгсөн дүн гарч байна.

2012 оныхоос 2 дахин их буюу 7.3 тэрбум төгрөгийг эсрэгээрээ ажилгүй болсон хүмүүст тэтгэмж болгон өгсөн дүн гарч байна.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ”цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлнэ” гэж амласан байх юм. 2008-2012 онд МАН хамтарсан Засгийн газрыг тэргүүлж байхдаа цалин, тэтгэврийг 2008 онд 20, 2011 онд 30, 2012 онд 50 хувиар тус тус нэмэгдүүлж, нийт дүнгээрээ 2,5-3 дахин өсгөж байв. Ингэхдээ өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцийн төвшнөөс давуулж өсгөж ирсэн байдаг. Гэтэл шинэчлэлийн гэх хаягтай Засгийн газар маань 2012 оны тавдугаар сараас хойш нэг ч төгрөгөөр цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэнгүй, энэ талаар бүтээлч санал санаачилга гаргах алхам хийсэнгүй.

Өөрсдийнхөө амьжиргааг сайжирч байгааг арай ард түмний амьдрал сайжирч байна гэж андуураад мартчихаагүй л байлтай. Цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх санаачилга гарган, холбогдох таван хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн МАН-ын бүлгийн байр суурийг “жадлан” буруушаахын оронд амаараа бус ажил үйлсээрээ дээр дурдсан тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхийг уриалж, бас сануулж байна.

    ХОЁР. АВЛИГА, ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР:

    Авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн, олон нийтэд хүрч байгаа сайшаалтай зарим нэг санал санаачилгууд байгааг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
“Шинэчилж шийдье”, “30 минут”, “Бүтээн байгуулалтын”, “Шинэ санаа” гээд олон ЦАГ-тай болсноо хүнд суртал, авлигыг бууруулж буй ажлынхаа тайлангийн дийлэнх хэсгийг эзлэн дурджээ. Иргэддээ нээлттэй мэдээлэл өгч, ил тод байх энэхүү санаачилгыг зөв зүйтэй гэдэг дээр санал нэг байна. Гэсэн хэдий ч энд хэлсэнчлэн хүнд суртал, авлига буурсан уу гэдэг эргэлзээтэй л байна. Засгийн газар хийж буй ажлынхаа хэлбэрт нь хэт их анхаарч, агуулгыг нь орхигдуулж байна гэдэг шүүмжлэлийг ард иргэд хэлж байна. Аман шоу, бодит амьдрал хоёр тэнгэр газар шиг ялгаатайг та бүхэн эрх биш мэдэх биз ээ.

    Хуурай лоозогносон, хийрхлийн шинжтэй дүгнэлтүүд Засгийн газрын тайланд цөөнгүй байна. Тухайлбал, “Төрийн алба хүнд сурталтай гэсэн ойлголт ном, сайтын мэдээнд түүх болон үлдэх цаг удахгүй гэсэн итгэл олон нийтэд төрүүлж эхлэв”, “Эрх мэдэлтэн, иргэн хоёрын ялгаа арилав” гэх мэт бодит байдлаас зөрүүтэй үнэлэлт өгсөн байх юм. Иймэрхүү тооцоогүй, ул үндэсгүй дүгнэлтээс жишээ дурдвал:

1.    ”Эрээн рүү гардаг мөнгө эх орондоо үлдэв” гэжээ.
Гэтэл Монгол Улсын гадаад худалдааны алдагдал 2013 онд түүхэнд байгаагүй хэмжээнд буюу өнгөрсөн оны 11 сарын байдлаар  2,476 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд боловсруулах аж үйлдвэрлэл дөнгөж 3-4 хувь өсөхөөр урьдчилсан тооцоо гарсан байна. 2013 он Монгол Улсын хувьд гадагш гаргадаг нь ч, гаднаас авдаг нь ч хомс жил байсныг хүн болгон мэдэрч, ярьж байхад Засгийн газар гадагшаа гардаг мөнгө дотооддоо үлдэв гэсэн илт худал, өнгөц тайлбар УИХ-д хийж байгааг буруушааж байна.

2.    ”Оролцоог бүрдүүлэгч, нээлттэй, ил тод засаг байх олон шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлэв. .... Улмаар иргэд төсвөө захиран зарцуулах, хэрэгжилтийг үнэлэх боломжийг бүрдүүлэв” гэжээ.
Өнөөдөр Засгийн газар "Чингис" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж төсвөөс гадуур 5,5 их наяд төгрөгийг ард иргэд битгий хэл тэднийхээ төлөөлөл, дуу хоолой болсон УИХ-ын хяналтаас гадуур хууль зөрчин зарцуулж байна.

Өнөөг хүртэл хэн, ямар аж ахуйн нэгжүүд хэдэн тэрбумын зээл авсан, үүнээс хэд нь эргэн төлөгдсөн талаар УИХ-ын гишүүдээс хүртэл нууцалж байгаа Засгийн газрыг ил тод, нээлттэй Засгийн газар гэж дүгнэж болох уу? Ерөнхий сайд нь ч өөрийн багцын 50 тэрбумын зарцуулалтыг хуулиас гадуур, тендергүйгээр зарцуулсан гэсэн асуудал ч хөндөгдөж буйг УИХ анхааралдаа авч, холбогдох бүтцийн байгууллагаараа дамжуулан шалгаж, ард түмэнд тайлагнах ёстой гэж үзэж байна.

3.    “Хуулийн засаглалыг тогтоон, хуулийг мөрдөх чиглэлд анхаарч ажилласаар байна”, “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг дахин гараагүй байна” гэж Засгийн газар тайлагнажээ.

    Засгийн газар шинэчлэл хийх нэрийн дор хууль зөрчих нь хэвийн үзэгдэл болсныг юу гэж тайлбарлах вэ? Үүний тод илрэл нь Ерөнхий сайд өөрөө үлгэрлэн 15 сарын хугацаанд 5 удаа Үндсэн хуулийг зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц хөдлөшгүй баримтаар тогтоочихоод байна. Өөрөөр хэлбэл, 3 сар тутамд 1 удаа Үндсэн хуулиа зөрчсөн гэсэн үг. Өнөөдөр ч эл байдал үргэлжилсээр л байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн энэхүү муу үлгэр жишээг яам агентлаг, орон нутгийн удирдлагын түвшинд шууд хуулбарлаж Монгол Улс хуульгүй орон мэт аяглаж байна.

Өнөөдөр ч төрийн албанд бүх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас эхлээд агентлагуудын бүх дэд дарга нар төрийн албаны шалгалт, дүгнэлтгүйгээр түр орлон гүйцэтгэгч нэртэй, эсхүл хууль зөрчин шууд томилогдсон байдалтай ажилласаар л байна. Төрийн албаны зөвлөл нь ч Засгийн газрын халаа, сэлгээний хурдыг нэгэнт гүйцэх аргагүйтэйгээ эвлэрчихсэн сууж байна. Түр томилгоо хийх нь Үндсэн хууль зөрчсөн шүү гэж Цэц хэлээд байхад л Ерөнхий сайд нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга буюу төрийн жинхэнэ албаны хамгийн дээд албанд нь хүртэл түр хүн томилоод сууж л байна. Өөрсдөө хуулиа зөрчдөг эрх баригчдыг ард түмэн тоохоо больдог бөгөөд тэд ч хууль биелүүлэхийг иргэдээс шаардах нүүргүй болдог.  

Гэмт хэргийн гаралт л гэхэд 2013 онд ганцхан жилийн дотор 10 гаруй хувиар өслөө. Нэг талд нь хууль эрх зүйн шинэчлэл хийж байгаа л гээд байдаг, гэтэл нөгөө талд нь гэмт хэргийн гаралт нэмэгдэж буйг юу гэж тайлбарлах вэ? Төрөл саднаараа дүүргэн төрийн албыг төрлийн алба болгочихсон ийм үед Ерөнхий сайд хүргэн дүүгээ хаацайлаад өнгөрдөгтэй адил төрийн албанд эрх мэдлээ урвуулсан хэчнээн гэмт үйлдэл дарагдан өнгөрч буй талаар Засгийн газар ер нь дүгнэлт хийх чадвартай юу гэдэгт эргэлзэж байна.

  Хариуцлага, хяналтгүйн "зуд" нүүрлэсний бодит жишээ бол барилгын салбарт удаа дараа гарч буй осол аваар, түүний уршгаар хүний эрдэнэт амь нас хохирох явдал хэвийн үзэгдэл боллоо. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх баталгаагүй болж байхад Засгийн газар яагаад таг чиг сууна вэ. Хариуцлагагүй ийм байдалтай МАН-ын бүлэг хатуу тэмцэх болно.

    ГУРАВ. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР:

     Манай улсад 2008 оноос томоохон бүтээн байгуулалтын үндэс суурь эрчимтэй тавигдаж, стратегийн ордууд болох Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлж, бүх аймгийг засмал замаар холбох, олон улсын шинэ онгоцны буудал барих, дэд бүтцийн өргөтгөх ажлууд эхэлж, улмаар дэлхийд хамгийн томоохонд тооцогдох Монгол-Австралийн зэс алтны уулын баяжуулах шинэ үйлдвэр байгуулагдаж, нүүрс боловсруулах үйлдвэр, цахилгаан станцууд говьд ажиллаж, Монголын нийт экспортын хэмжээ үсрэнгүй нэмэгдсэн билээ.

    МАН засгийн эрх барьж байх үед бодит эдийн засгийн өсөлт бүх салбарт бий болж, 2008 оноос хойш 2005 оны зэрэгцүүлэх үнээр газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ бодитоор нийтдээ 37 хувиар өсч, түүний дотор үр тариа, төмс, хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ 20-60 хувиар нэмэгдэж Монгол Улс өөрийн буудай, төмсний хэрэгцээг 100 хувь өөрөө хангадаг болсон. Мөн аж үйлдвэрлэлийн хэмжээ мөн 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2.2 дахин нэмэгдэж, түүний дотор нүүрс олборлолт 2 дахин, газрын тосны үйлдвэрлэл 94 хувиар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 62 хувиар, хувцасны үйлдвэрлэл 2.1 дахин, арьс ширний боловсруулалт биет хэмжээгээр 44 хувиар өссөн юм.

    Бүтээн байгуулалтын дээрх суурийг батжуулах хүрээнд урьд өмнө хэзээ ч байгаагүй хөрөнгө санхүүгийн таатай нөхцөл боломжтойгоор шинэчлэлийн Засгийн газар ажилласан гэж үзэж болно. Үүнд: Олон улсын зах зээлд гаргасан "Чингис" бондоос 1.5 тэрбум ам.доллар, өмнөх засгаас үлдээсэн Хөгжлийн банкны 580 сая.ам доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3,0 их наяд төгрөг гээд нийт дүнгээрээ 6.5 их наяд төгрөгийн боломж гартаа атгасан Засгийн газрын хийсэн ажлын тухай бид ярьж байна.

    Засгийн газар 2013 онд иргэдийн талархалд нийцэхүйц цөөнгүй ажил хийжээ. Тухайлбал, “Гудамж” төслөөр 18 уулзварыг нээж, Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах талд ахиц дэвшилтэй ажилласныг тэмдэглэж байна. Ерөнхий сайд 2013 онд 6 аймгийн төвийг нийслэлтэй холбоно хэмээн амлаж байсан боловч Баянхонгор, Дундговь, Дорноговь гэсэн 3 аймгийн чиглэлийн зам ашиглалтад орлоо.

Гэсэн хэдий ч 2013 онд Монгол Улсын хэмжээнд 1700 км авто зам тавьж, өнгөрсөн 4 жилийн нийлбэр замаас нэг жилийн дотор 400 км илүү урт зам ашиглалтад оруулж буй нь түүхэн дээд амжилт байлаа хэмээн Засгийн газраас сайрхан ярьж байгаатай санал нийлэх аргагүй байна. 2013 онд Таны мэдээлсэн шиг 1700 км авто зам тавьж, ашиглалтад оруулаагүй бөгөөд ердөө 243.2 км зам шинээр барьж, хэрэг дээрээ 2007 оноос хойш тавьж эхэлсэн 1556.8 км замыг нэмж тооцоод байгааг үнэн мөнөөр нь хэлэхийг Ерөнхий сайдаас хүсч байна.

 Бүтээн байгуулалтын бодлогын хүрээнд Монгол Улсыг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд орчин үеийн хүнд аж үйлдвэр буюу төмөр гангийн, зэс хайлуулах, хими–нүүрс боловсруулах салбаруудыг шинээр бий болгож, хөнгөн аж үйлдвэрээ орчин үеийн технологи бүхий салбар болгож экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг эрс сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх гэх мэт томоохон хөрөнгө оруулалт, бодлогын алхмуудыг хийх шаардлагатай байна.

    МАН улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндрэхээс болгоомжлуулж өнгөрсөн хавраас эхлэн Засгийн газарт удаа дараа сануулж, асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хийхийг зорьж ажиллаж байна. Гэвч ялалтын шокноосоо гараагүй эрх баригчдад бяр нь амтагдаж, цөөнхийн дуу хоолойг сонсох нь битгий хэл дарах зорилго агуулж үл тоомсорлож хууль зөрчиж болдог, хууль зөрчих нь байж болох зүйл гэсэн ойлголтыг ард иргэд, нийгэмд өгсөөр ирлээ. Сөрөг хүчин гээд бүхнийг баллуурдах, үгүйсгэх зорилго, хүсэл МАН-ын бүлэгт  байхгүй. Бид ЗӨВД ТАШУУР, БУРУУД ХАЗААР болж ажиллана гэдгээ ч анхнаасаа хэлсэн. Үүнийгээ ч Засгийн газарт дахин хэлээд, ард түмнийхээ өмнө амласан амлалтаа худал мэдээлэл, хоосон лоозон, шоугаар биш бодитоор биелүүлж   ажиллахыг  сануулъя.

Анхаарал тавьсанд баярлалаа.