С.Бямбацогт: Бие биеэ үгүйсгэснээр улс орноо хөгжүүлэхгүй гэдгийг эрх баригчид одоо л ойлгох нь уу даа
МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2014.01.14

С.Бямбацогт: Бие биеэ үгүйсгэснээр улс орноо хөгжүүлэхгүй гэдгийг эрх баригчид одоо л ойлгох нь уу даа

МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-МАН залуу гишүүдийнхээ нэгийг бүлгийн дарга болголоо. Бүлгийн даргын эрх үүргийг хүлээгээд ажиллахад ямар санагдаж байна вэ?

-Цөөнх болсон намын үед бүлгийн дарга гэдэг бол хариуцлагатай, зохицуулагч менежерийн ажил байдаг. Ямар ч байсан намын нөхөд маань надад итгээд энэ ажлыг хариуцууллаа. Тиймээс ийм том намын УИХ дахь бүлгийн даргын ажлыг нэр төртэй хариуцлагатай хийчих юмсан гэдэг бодлоор асуудалд хандана. Аливаа албан тушаал бол санаачилгатай, хариуцлагатай байхыг шаарддаг. Амархан ажил гэж байдаггүй. Хэдийгээр залуу гэж яригдаж байгаа ч би 40 насны босго алхчихлаа. Тийм болохоор ачааллыг дааж, үүргээ ухамсарлаж, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллах ёолно.

-Парламентад олон удаа сонгогдсон ахмад гишүүд танай бүлэгт олон бий. Энэ хүмүүсийг удирдаад явах ч амаргүй байна уу?

-Бүлэг аливаа зүйлийг хамтын шийдвэрээр гаргадаг. Тиймээс дарга шийднэ гэдэг ойлголт байдаггүй. Мэдээж шийдвэр гаргахдаа гишүүн бүр өөр өөрсдийн үзэл бодлоо хамгаалалгүй яах вэ. Ард түмнийхээ итгэлийг хүлээж олон удаа сонгогдсон туршлагатай парламентчид маань их түшиг тулгуур болж байна. Тэд маань улс орныхоо, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн бодлого шийдвэр гаргуулахын төлөө заавар зөвлөлгөө их өгдөг. Ийм зорилгын үүднээс өмнөх парламентын түүхэнд гарч байсан захирамж шийдвэрүүдийн тухай заавал сануулж хэлнэ. Түүнээс биш “Би тав, зургаа сонгогдсон шүү" гэдэг байдлаар ханддаггүй. Тэгээд ч манай Гишүүд үүрэг, хариуцлагаа сайн ухамсарласан хүмүүс шүү дээ.

-Нам дотроо шударга шулуун хэлчихдэг гишүүдийн тоонд та ордог байсан болов уу?Харин одоо бүлгийн дарга болсноор өөрийнхөөрөө байх зарчимтайгаа зөрчилдөх шаардлага тулгарч байгаа байх...

-Зарим асуудлуудаар миний үзэл бодлоос арай өөр шийдвэрийг гаргах Тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор Ийм зүйл мэдэгдээгүй л байна. Эцсийн эцэст бүлгээрээ хэлэлцээд гаргасан олонхийн шийдвэрээ дагаж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДЭД ХУУЛЖ ӨГӨХ ОЛОН ДАВХАР ЦААСАН БАГ БАЙГАА

-Н.Энхболд даргын ажлаа өгөх болсон шалтгааныг та юу гэж хардаг вэ. Нийгэмд байгаа ойлголтоор бол мэдээж хоёр Энхболд гар нийлж ажиллахгүй байсан учраас ажлаа өгсөн гэдэг яриа. Та юу гэж бодож байна вэ?

МАН-ын бүлэг хожуу байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг хожуу байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Бид одоо ч байнгын хороондоо ижил тэгш хуваарилагдаж чадаагүй байна шүү дээ. Ардын намыг бүлэггүй байхад Н.Энхболд дарга удирдаж, бидний бамбай болж, гал барьж явсан хүн. Бүлгээ байгуулсны дараа ч гэсэн хоёр Энхболд дарга маань нэг нь бүлгийн дарга, нөгөө нь УИХ-ын дэд дарга болоод хамтраад сайхан ажилласан. Тиймээс ямар нэгэн зөрчил байгаагүй.

-Хоёр сайдыг огцруулах асуудал оруулж ирсний үр дүн нь юу болов гэж танай намынхан үзэж байгаа вэ?

-Бид ямар үр дүн гарахыг мэдэж байсан. Ямар ч байсан ард түмний санаа бодлыг дамжуулж, хэлж сануулах гэснээ хэлсэн. Хариуцлагагүй, бодлогогүй сайдуудыг огцруулаагүйн үр дүнг эцсийн эцэст улсаараа л амсана. Амсаж ч байна.

-Зөвхөн Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэх байсан гэдэг яриа байсан. Үнэн юм уу?

-Хэрвээ Н.Батбаяр сайдын асуудлыг дангаар нь оруулж ирээд огцруулаагүй байсан бол “Ч.Улаантай нь оруулж ирсэн бол огцрох байлаа" гэдэг яриа явах байлгүй дээ. Эрх баригчид “Манай хоёр сайд сайн ажиллаж байгаа” гэсээр аваад үлдлээ. Гэхдээ үүнийг нь нийгэм буруутгаж байна. Ерөнхийлөгч “Хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооц. Би дэмжинэ” гээд хэлчихсэн.

Араас нь Р.Амаржаргал гишүүн “УИХ, Засгийн газар нь алдаагаа ухамсарлаж чаддаггүй юм бол өмнөөс нь хариуцлага үүрье” гэсэн. Гэвч ‘Та тэгж хэрэггүй. Сайд нараар өөрсдөөр нь хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлээд аваад үлдсэн. Гэвч бид Засгийн газрын зарим багийг хуулж, бодит үнэнийг илчилж харууллаа шүү дээ. Гэхдээ Засгийн газрын зарим гишүүдэд хуулж өгөх олон давхар баг байгаа.

- Ер нь хоёр сайдыг огцруулчихлаа гэж бодъё. Тэгвэл Монголын амьдрал маргаашнаас нь эхлээд сайжирчих байсан юм уу?

-Хэрэв хоёр сайдыг огцруулсан бол тэр үйлдэл нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүст дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болдоггүй юм байна. Энэ төрд хариуцлагатай ажиллах ёстой юм байна гэдэг сургамжийг өгөх байсан.

ЭРХ БАРИГЧИД ХОЁР САЙДАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ХҮЧЭЭР БУУЛГАСАН

-Шинэ жилийн өмнө танай намын бүлэг Төрийн ордныг гацуур модоор чимсэн харагдсан. Гэхдээ тэр гацуур модоор чимсэн харагдсан. Гэхдээ тэр гацуур модонд өлгөсөн чимэглэлүүд дээр бичсэн үнэ бодит байсан уу?

-Статистикийн үзүүлэлтийг үндэс болгосон учраас үнэн байлгүй яах вэ. Долларын ханш нь худлаа байсан байж магадгүй. “Долларын ханш 1740 гээд тавьчихсан байна. Гэтэл 1600 руу орчихсон шүү дээ” гэж хүмүүс ярьж байсан нь үнэн. Тэгвэл тэр үед эрх баригчид хоёр сайдаа авч үлдэхийн тулд долларын ханшийг хүчээр буулгасан юм. Хоёр сайдын тухай яригдаад дууссаны дараа одоо хар л даа. Долларын ханш буцаад 1700 давсан байна. Хэрэв тухайн үед хоёр сайдын асуудлыг яриагүй бол доллар тэгж буурахгүй л байсан.

-Ингэж харагдуулахын тулд сөрөг хүчний зүгээс зохион байгуулсан “ажиллагаа” гэдэг хардлага ч нөгөө талд бий байх. Н.Батбаяр сайд “Долларын ханшийг зориуд өсгөдөг бүлэглэл байгаа” гэж байсныг сонссон юм байна?

Бид хангалттай саналууд дэвшүүлж бодлогоо уралдуулж байгаа.

-Долларын ханшийг өсгөдөг бүлэглэл байгаад тэр нь Ардын намтай холбоотой бол аль хэдийнэ шоронд аваачаад, шонд өлгөчихсөн байгаа. Харин АН-ынхан энэ хардлагаа өөрсдөөсөө хайвал олж мэдэх юм.

-АН-ынхан л ажил хийж чадахгүй, энэ Засгийн газар улс орныг ийм болгочихлоо, огцруулна гэхийн оронд ажил хэрэгч шаардлага тавиад алдааг нь засахын төлөө зөвлөөд ажиллуулж болдоггүй юм уу?

-Тэгж л байгаа шүү дээ, мэдээгүй юм уу.

-Юм л бол огцруулна гэж түрүүлж дуугараад байх шиг санагдаад...

-Бид хангалттай саналууд дэвшүүлж бодлогоо уралдуулж байгаа. Хэдхэн жишээ хэлье. 2012, оны есдүгээр сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя. Сумын Засаг даргыг ард түмний дундаас сонгодог болъё гэдэг хуулийн төслийг тухайн үед манай намын дарга байсан Ө.Энхтүвшин гишүүн өргөн барьсан. Харамсалтай нь энэ хуулийг хэлэлцсэнгүй. Дараа нь Д.Оюунхорол гишүүнтэй хамт Хүний хөгжил сангаасаа зорилтот бүлэгтээ мөнгөн тэтгэмж олгож байя гэсэн хууль санаачилсан. Одоо болтол ярьсангүй.

Хурууны хээгээр УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлж саналаа өгдөг болъё гэдэг төсөл өргөн барьтал хав дарчихаад сая АН, Шударга ёс эвслийн бүлгийн дарга нарын санаачилсан хуулийг хэлэлцсэн шүү дээ. Хэл ам хийж байж өөрийнхөө хуулийг хэлэлцүүлэхээр боллоо. Дээрээс нь Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая болгож жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжье гэдэг хуулийн төсөл өргөн барьсан. Хөл дээрээ босох гэж дэнжигнэж байхад нь татвараар дарамтлахгүй байя гэсэн санаа явж байгаа.

Харамсалтай нь энэ хуулийг хэлэлцэхгүй байна гэх мэтээр бид маш олон хууль санаачилдаг. Даанч сөрөг хүчний зүгээс оруулж ирсэн учраас тэд дараад өнгөрдөг. Энэ хандлагаа өөрчлөөч гэж л гуйгаад байгаа юм шүү дээ. Гэхдээ бие биеэ үзэн ядаж, үгүйсгэснээр улс орноо хөгжүүлэхгүй юм байна гэдгийг эрх баригчид одооноос л ойлгож байгаа юм болов уу даа. Өнгөрсөн тав дахь өдөр бидний санаачилсан хуулийг дэмжлээ.

Н.АЛТАНХУЯГ ГУАЙ ГУЯА АЛГАДААД ГҮЙГЭЭД ИРСЭН БИЗ ДЭЭ

-Өнгөрсөн онд төсвийн орлого уул уурхайгаас болж тасалдсан. Уул уурхайн орлого тасрахад нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалт буурахад хүргэсэн зүйл таны санаачилсан Стратегийн ач холбогдолтой салбарт гадаад хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль байсан гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Монгол Улсын уул уурхайн орлого буурсан нь олон шалтгаантай. Тэдний нэг нь тэр хууль гэж ярьдаг. Гэхдээ энэ хууль муу байгаагүй. Харин үүнийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хариуцлагагүй хандсан. Гадныханд зөв ойлголт өгч чадаагүй шүү дээ. Үнэхээр тэр хууль буруу байсан юм бол сая баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа яагаад зүйл заалтуудыг нь тусгаж үлдээсэн юм. Ер нь бол хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн өөр нэг зүйл нь дэлхийн зах зээл дээр Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурсан явдал.

Мөн хоёр хөрштэйгөө зөв бодлого, харилцаа явуулж чадаагүй нь нөлөөлсөн шүү дээ. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд уулзаж байхад манай Ерөнхий сайд “Бидэнд ямар хамаатай юм” гээд ярьж байсныг санаж байгаа биз дээ. Нэг тонн нүүрсээ 72 ам.доллараар өгөхөөр “Чалко" компанитай гэрээ хийсэн байсныг энэ Засгийн газар цуцалсан. “Нүүрсээ үнэгүй өгөөд дууслаа” гэдэг нэрээр шүү дээ. Гэтэл одоо өөрсдөө нэг тонн нүүрсийг 40 ам.доллараар өгөх гэрээ хийж, дордууллаа. Оюу толгой дээр ч ялгаа байхгүй. Гэрээг улам сайжруулна гээд манай Д.Ганхуяг сайд яриад байгаа. Гэтэл Оюу толгойн далд уурхайн ажил зогслоо. Дээрдсэн юм алга.

-Ерөнхийлөгч популистуудын амлалтаас болж орлого тасалдсан гэж хэлсэн. Тэр популистуудад Ардын намынхан багтах уу?

-Үгүй. Ерөнхийлөгч өнөөдрийн эрх баригчдыг хэлж байгаа шүү дээ. Төр хэтэрхий томорчихсон байна гэдгийг хэлээд байна лээ. 160 мянган төрийн албан хаагчтай байсан төр өнөөдөр 210 мянган албан хаагчтай болгочихсоныг хэлээд байна. Төсвийн зардал ДНБ- ий бараг 60-70 хувьтай бараг тэнцчихээд байгаа нь төр томорч байгаагийн илрэл гэдгийг хэлсэн юм. Ардын нам эрх барьж байхдаа энэ зардлыг 40 хувьд нь барьдаг байсан юм шүү.

Төрийн мэдлийн зардал нэмэх эрх нь өнөөдрийн эрх баригчдад л бий. Баялаг бүтээгчдээ дарамталж бизнесийн орчныг муутгаснаас төсвийн орлого их наяд их наядаараа тасарлаа. Эндээс харвал том төрөөс жижиг төр рүү, бодлогогүй төрөөс ухаалаг төр рүү гэж ярих ёстой. Гэвч ингээд ярья гэхээр буруутан нь өнөөдрийн эрх баригчид болох гээд байгаа учраас том төрөөс ухаалаг төр рүү гэж соёлтой ярьж байгаа юм болов уу гэж бодсон шүү.

-Чалко болон Оюу толгойгоос урьдчилж авсан мөнгөөр сонгуулийн өмнө ард түмэнд санхүүжүүлсэн гэдэг утгаараа Ардын нам буруудахгүй гэж үү?

Ардын нам олонх болсон ч улс орныхоо хөгжлийн төлөө хамтраад ажиллах санаачилга гаргасан.

Ардын нам олонх болсон ч улс орныхоо хөгжлийн төлөө хамтраад ажиллах санаачилга гаргасан. Гэтэл Н.Алтанхуяг ах маань гуяа алгадаад гүйгээд ирсэн биз дээ. Албан тушаал бүрийн тал нь манайх шүү, ачаагаа хамт үүрье гээд байсан. Тэр үед Н.Алтанхуяг сайдаас “Сонгуулиар гэсэн хариуцлагаа хамт үүрээд орох уу. Сонгууль дөхөхөөр хариуцлагаас зугтаад засгаас гарах юм биш биз дээ” гэж асуухад “Хөөсөн ч хамтарсан Засгийн газраас гарахгүй" гэсэн хүн дараа нь яалаа. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд алдаа байсан бол хоёр нам аль аль нь буруутай. Амжилт нь ч хоёуланд нь хамаатай.

2012 ОНООС ХОЙШ ЦАЛИН НЭМЭЭГҮЙ БАЙХАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨССӨӨР Л БАЙНА

-МАН-ын бүлэг Х.Баттулга сайдыг огцруулах асуудал оруулж ирнэ гэдэг яриа тарсан. Үнэн үү?

-Тийм асуудал яригдаагүй учраас тайлбар хийх шаардлага алга л даа.

-МАН-ынхан чухал хуулиудыг барьцаалж, байнгын хороонд гишүүдээ тэнцүү хуваарилуулахаар зүтгэдэг гэдэг шүүмжлэл бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энд залруулаад хэлчихье. АН- ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат манай бүлгийн дарга байсан Н.Энхболдод “Бүгдээрээ төсвөө баталчихъя. Үүний дараа танай гишүүдийг байнгын хороонд тэнцүү оруулъя” гэсэн юм гэнэ лээ. Ингээд төсвөө баталчихсан чинь маргааш нь “Үгүй ээ тийм юм байхгүй. Өрийн хязгаарыг нэмэгдүүлж өг. Тэрний дараа наад асуудлыг чинь шийдье” гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь бид Монгол Улсыг өрөнд унагаж, хойч ирээдүйдээ өр үлдээхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ирээдүйгээр наймаа хийж байнгын хороонд орохыг хүсэхгүй байна. байнгын хороонд тэгш тоогоор оруулахгүй бол тэр л биз. Өөрсдийнхөө төлөө улс орноо өрөнд оруулах шийдвэрийг дэмжиж чадахгүй.

-Монгол Улс мөнгөгүй болчихсон бодит үнэн. Тиймээс эрх баригчдадаа итгээд, бондын мөнгийг өр болгохгүйн төлөө хамтраад зүтгэх нь парламентад суудалтай Ардын намын үүрэг биш гэж үү. Энэ мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулаад төлж чадвал өр болохгүй байх. Анхнаас нь өр гэж хараад байвал ямар ч ажил бүтэхгүй байх л даа?

-1950-1990 он хүртэл Монгол Улс арван тэрбум ам.долларын өр тавьсан байдаг. Энэ мөнгөөр Улаанбаатар хотын том том орон сууцны хорооллуудыг босгосон. Аймаг, сумдын цэцэрлэг, сургуулиудыг байгуулсан. Улс орноо эрчим хүчээр хангах ажлыг эхлүүлсэн. Үйлдвэржүүлэлтийг ч энэ мөнгөөр эхлүүлсэн. 1990-2012 он хүртэл Монгол Улс 2.4 тэрбум ам.долларын зээл тавьсан байдаг. Урт хугацаатай хүү багатай энэ зээлээр бид шилжилтийн үеийг давж гарсан. Гэтэл одоо хар даа. Бид 2012-2013 оны хооронд нэг жилийн дотор 2.2 тэрбум ам.долларын өр тавьчихлаа.

Энэ мөнгөөр юу хийв. Гудамж тохижуулж, зам тавьснаас өөр бодитой зүйл байна уу. Тэгтэл одоо бондын мөнгө дуусч байна шүү дээ. Ингээд бодохоор асуудал байгаа биз. Өмнөх зээл нь үр дүнгээ өгсөн эсэх нь бүрхэг байхад дахиад зээл авна гэхээр юу болох вэ. Зээл аваад л байдаг. Ард түмний амьдрал сайжирдаггүй, тэр мөнгө нь бидэнд наалдахгүй байна шүү дээ. Энэ үүднээс нь хариуцлагатай хандаж байгаа юм.

-Засгийн газар үйлдвэржилтийг энэ жил эхлүүлж, гайгүй ажил хийх төлөвтэй харагдаад байгаа юм шиг санагдсан. Тийм биш гэж үү?

-Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд байхдаа үйлдвэржилтийн асуудлыг хариуцаж байсан шүү дээ. Харамсалтай нь юу ч хийж чадаагүй. Тэр үед үйлдвэржилт ярьж байсан. Өнөөдөр ч нөгөөдхөө л ярьж байна. Т иймээс итгэл төрөхгүй байна. Ямар ч байсан импортыг орлох үйлдвэрүүдийг барих шаардлага бий.

-Цалин тэтгэвэр нэмэх боломж төсөвт байгаа гэж танай намынхан хараад шаардаад байгаа хэрэг үү. Эсвэл ард түмэнд таалагдсан сөрөг хүчин байхын тулд шоу хийгээд байна уу?

-235 тэрбум төгрөгийг цалин тэтгэврийн нэмэгдэлд зарцуулна гээд төсөвт суулгачихсан. Тиймээс цалин, тэтгэвэр бага авдаг иргэдэд эхний ээлжинд нэмэгдэл үзүүлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг бид тавьж байна. Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэж шүүмжилдэг. Үүнийг ч бид судалсан. 2010 онд цалинг 20 хувиар нэмэхэд инфляци 10 хувьтай байсан. 2011 онд цалинг 30 хувиар нэмэхэд 14 хувьтай болсон. 2012 онд цалин, тэтгэврийг 54 хувиар нэмэхэд инфляци 12 хувьтай байжээ.

Ардын нам АН-тай хамт засаг барьж байхдаа цалин, тэтгэвэр нэмэхэд инфляци өсөөгүй байгаа биз. Гэтэл өнгөрсөн жил цалин тэтгэвэр нэмээгүй байтал инфляцийн түвшин буусангүй. Бараа бүтээгдэхүүний үнэ асар ихээр өслөө шүү дээ. Өөрөөр хэлбэл 2012 оноос хойш цалин нэмээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна.

-Төсвийн орлого тасарлаа. Зардал нэмэгдлээ гээд байдаг. Гэвч нөгөө амаараа цалин, тэтгэвэр нэм гээд байгаагийн учрыг нэг л ойлгохгүй байна л даа?

-УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталчихлаа. Хөрөнгө оруулалтын орчин сайжрах биз. Хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруул. Төмөр замаа хурдан тавьж дуусга, цахилгаан станцаа хурдан барь. Тэгвэл төсөв, эдийн засаг сайжраад ирнэ. Дээрээс нь хувийн хэвшлийнхнийгээ дарамтлаад байлгүй дэмжээд өг. Тэгвэл төсвийн орлого нэмэгдэнэ. Энэ боломжоо ашиглавал цалин, тэтгэвэр нэмэхэд ямар ч хүндрэлгүй шүү дээ.

-Эцэст нь Ж.Батсуурь гишүүний асуудлаар бүлгийн даргаас нь тодруулахгүй өнгөрч болохгүй нь?

-Ж.Батсуурь гишүүн өөрөө гадагшаа ажлаар явсан. Өөрөөс нь мэдээлэл сонсоогүй учраас юу болсныг мэдэхгүй байна. Аливаа гэм бурууг шүүх л тогтооно. Үүний дараа л асуудал яригдах учиртай.