Ж.Эрдэнэбат: Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдсанд иргэд бухимдаж байна
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Говь-Алтай аймагт нэгдүгээр сарын 19-нд буюу ирэх ням гаригт орон нутгийн сонгууль болохтой холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн өдрүүдэд тус аймагт ажилласан байна. Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдсанд ард иргэд бухимдаж байгаа аж. Малчид хамгийн багадаа 30 км, цаашлаад 90 км явж байж саналаа өгөхөөс аргагүй гэнэ.
Дээр нь сар шинэ дөхөж байгаа их ажил, хүйтний улиралтай давхцуулан сонгууль зарласан нь ард иргэдийн хувьд улам хүндрэл чирэгдэл учруулж байна гэжээ Нөгөөтэйгүүр, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь амьжиргааг доройтуулж байна гэсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Малчидтай уулзах үед тэтгэврийн насыг урагшлуулах шаардлага байгааг хэлж байна. Мөн малчдын хөдөлмөрийг хүнд хэлбэрт тооцох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхгүй бол даатгалтай хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй зэрэг хүндрэлүүд гардаг” гэв.