Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн асуудлыг шийдсэн улс орон хөгждөг
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхоролтой тус холбооны хоёр чуулганы хооронд хийсэн ажлын талаар болон эмэгтэйчүүдийн оролцооны сэдвээр ярилцлаа.
-НАМЭХ-ны ээлжит бус V чуулган болж,Та энэ холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд холбооны зүгээс голчлон юунд анхаарч ажиллав,эргээд дүгнэхэд дараагийн чуулгантай ямар үрдүнтэй золгож байна вэ?
-Ээлжит бус V чуулганы индэр дээрээс НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод мэндчилж байсан минь саяхан мэт санагдавч яг хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Харьцангуй богино хугацаа мэт боловч Монгол Улсын хувьд, манай намын хувьд, НАМЭХ-ны хувьд маш олон үйл явдал өрнөсөн байна. Би энэ сонгуульт ажилд томилогдоод хамгийн түрүүнд байгууллагын нүүр царайг өөрчлөх, нийгэмд танигдах ажил хийсэн.
Холбооныхоо үйл ажиллагааг шинэ өнгө аяс, шинэ эрч хүчтэйгээр эхэлж, байгууллагынхаа нүүр царай,дүр төрх, бэлгэдэл, туг далбаа, тамга тэмдгийг шинэчилж, сумдын салбарыг гэхэд л анх удаа тамга, тэмдэгтэй болгожбайв. НАМЭХ нийгэмд харагдах үйл ажиллагаа явуулахын тулд дотооддоо ажиллаж, дүр төрх, имижээ эхлээд бүрдүүлэх шаардлагатай байсан.
Амьдрал үргэлж өрнөж байдаг болохоор бид нам дотроо, эмэгтэйчүүдийн байгууллага дотроо аль болох өөдөлж дээшлэхийн төлөө ажилласан
НАМЭХ нь улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд зөвхөн намын ишүүд, дэмжигчид төдийгүй нийт эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах үүргийг бас давхар хүлээдэг гэж ойлгодог. Улс орны хэмжээнд авч үзвэл УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиуд болж, Монгол Ардын Намын хувьд хатуухан сургамж авсан цаг хугацаа, амаргүй үе байлаа. Амьдрал үргэлж өрнөж байдаг болохоор бид нам дотроо, эмэгтэйчүүдийн байгууллага дотроо аль болох өөдөлж дээшлэхийн төлөө, шинэчлэгдэж өөрчлөгдөхийн төлөө чадах чинээгээрээ ажилласан цаг хугацаа байлаа.
НАМЭХ-ны хувьд нийгэмд танигдаж, харагдах, намдаа туслах, байгууллагаа чадавхжуулах, эмэгтэйчүүдээ чадваржуулахын төлөө багагүй ажил хийсэн. Би анх холбооны Ерөнхийлөгч болохдоо НАМЭХ-ны үйл ажиллагааг таван чиглэлээр шинэчлэх зорилт дэвшүүлж байсан. Бүтэц, зохион байгуулалт, менежментийн шинэчлэл, орон нутгийн салбарыг дэмжих, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл, пиар харилцааг сайжруулах гэсэн зорилтууд тавьсан.
Аль аль чиглэлээр ахиц, дэвшил гарсан. Хэрэгжилгүй үлдсэн зүйлүүд ч бий. Тухайлбал, өнөөдөр манай нам клубын системд орох тухай ярьж байгаа. Тэгвэл манай холбоо залуу эмэгтэйчүүдийг клубын системээр бэлтгэх ажлыг хийж эхэлсэн. Манай холбооны ажлын албаны дэргэд их, дээд сургуулийн оюутан охидын “Оюунтан”, залуу эмэгтэйчүүдийн “Хатан зөгий” клубууд байгуулагдан эрүүл амьдрал, ногоон орчин, эх үрсийн төлөө, эв нэгдэл, идэвхтэй оролцоо зэрэг бүхий л үйлсийн төлөө олон шинэлэг үйл ажиллагааг зохион явуулж ирлээ. Нийгэмд чиглэсэн олон ажлыг манай эмэгтэйчүүд санаачлан зохион байгуулсан.
-Гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн сэдвээр их л ярьсан шиг санагдаж байна. Үр дүн мэдээж гарсан л биз дээ?
-Аливаа тулгамдсан асуудлын үр дүн шууд, тэр дороо гарчихна гэж байхгүй л дээ.Бид гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн гээд хамгийн тулгамдсан асуудлуудыг эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүд л тусдаа сэдэв болгож ярьдаг, энэ асуудлаар сэтгэл санаагаа зовоодог. НАМЭХ-ны хувьд үйл ажиллагааныхаа нэг үндсэн чиглэл болгож, эдгээр асуудалд анхаарал хандуулж ирсэн. Бусад улс төрийн намын дэргэдэх болон бусад ТББ-уудтай эдгээр асуудлаар хамтран ажиллаж, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирсэн.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө парламентад суудалтай улс төрийн намууд хамтран нийгмийн эмзэг тулгамдсан асуудлуудыг гаргаж тавья, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт оруулъя гэж шийдвэрлээд хамтарч ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн. УИХ-д суудалтай гурван намын эмэгтэйчүүдийн байгууллагуудын “Эмэгтэйчүүд ч чадна” түншлэлийн хүрээнд “Хүүхдийн төлөө” сэдвийн дор анхдугаар форумыг бид хамтран зохион байгуулсан.
Хүүхдийн шийдвэрлэгдээгүй түм буман асуудлыг улс төрийн намуудын эмэгтэйчүүд хамтраад шийдэхээр зориглож, намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт, улмаар УИХ, Засгийн газрын бодлогод суулгаад явж байгаа нь асар том үр дүн. Төрөх эмнэлэг, хүн ам зүйн бодлого, өнөөгийн шаардлага хангасан стандарт бүтэцтэй цэцэрлэгтэй болох зэрэг олон асуудал шийдвэр гаргах төвшинд очиж, УИХ-ын эмэгтэй гишүүд эдгээр асуудлыг лобби хийж ярьж байгаа нь өөрөө том үр дүн.
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь аль ч намын эмэгтэйчүүдийн байгууллагын чухал сэдэв. НАМЭХ өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр хэрхэн, ямар ажил хийв?
Гэхдээ аль нэг намын эмэгтэйчүүдийн байгууллага эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог ярьснаар асуудал шийдэгддэггүй.
-Мэдээж энэ бол чухал асуудал. Гэхдээ аль нэг намын эмэгтэйчүүдийн байгууллага эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог ярьснаар асуудал шийдэгддэггүй. Энэ бол төр, засаг, намууд, ТББ-уудын хамтын хүчин чармайлтаар шийдэгдэх асуудал. Монголын төр, засгийн олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг ч бий. Энэ асуудал бага багаар шийдэгдэж байгаа.
Ганц Монголд ч биш, дэлхий нийтээрээ эмэгтэй удирдагчдын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийнхээ төлөө гуйвалтгүй байх чадвар, авлигад бага өртөх шударга зан байдал, хүлээсэн үүргээ найдвартай биелүүлдэг хэв маягийг үнэлж, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлье гэдэг асуудлыг л ярьж байгаа.
Эмэгтэйчүүдийн байгууллага мэдээж үүний төлөө байна. Тийм ч учраас эрчүүд давамгайлсан улс төрийн ертөнцөд эрэгтэйчүүдэд ойлгуулах, лоббидох, нийгмийн сонорт хүргэх чиглэлээр ажилласны хүчинд ойлголт, хандлага, хууль эрх зүйн хувьд ч ахиц өөрчлөлт гарсан. Цаашид бодит үр дүн гаргахын төлөө ажиллана. НАМЭХ-ны өнгөрсөн чуулган болохоос өмнөхөн болсон Монгол Ардын Намын XXVI Их хурлаас намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүдээр сонгосон.
Өмнөх парламентын үед Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан. Ийм бодитой үр дүн гарсан байсан нь НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдох үед надад өгсөн бас нэг урам байсан. Дараа нь парламентад суудалтай улс төрийн намууд хамтраад эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ, ИТХ-д нэмэгдүүлэх квот тогтоох асуудлыг сонгуулийн хуульд тусгуулах нэн шаардлагатай байсан.
Тийм учраас улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, эмэгтэй улстөрчид бид нэгдэж, үүний төлөө ажилласан. Үр дүнд нь өнгөрсөн сонгуулиар УИХ болон орон нутгийн хурлуудадулс төрийн намаас нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байж чадсан. Энэ бас л нэг үр дүн. Гэхдээ эмэгтэйчүүд ялах нь тодорхой тойргуудыг эрэгтэй нэр дэвшигчдэд өгөх, намын жагсаалтын хойгуур жагсаах зэргээр өрөөсгөл хандсан зүйлүүд бий. Цаашид квотын зарчмыг бодит амьдралд хэрэгждэг болгохын өлөө бид ажиллана.
Ер нь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэх нь эмэгтэйчүүдийн эсвэл аль нэг нам бүлгийн эрх ашгийн тухай хэрэг огт биш. Энэ нь нийт эмэгтэйчүүдийн төдийгүй нийт нийгмийн эрх ашгийг тусгасан түүхэн чухал шийдэл. 2015 он гэхэд шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх Мянганы хөгжлийн зорилт бий ч манай улс энэ зорилтоо хэрэгжүүлж чадалгүй 2015 онтой золгох гэж байна.
Ямар ч байсан өмнө бий болсон суурь амжилтууд дээрээ тулгуурлан бодит үр дүн гаргахын төлөө бид цаашаа явах ёстой. Саяхан хуралдсан Монгол Ардын Намын XXVII Их хурлаар баталсан дүрэмд намын доторх сонгуульт болон томилогдох албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 25 хувьд барих заалт орсон. Энэбол манай НАМЭХ-ны бас л нэг том үр дүн.
Гэхдээ Их хуралд сонгогдож, эрх мэдэлтэй албан тушаалд томилогдох төдийхнөөр хязгаарлагдах бус нийгмийн бүх хүрээнд шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ашиг сонирхлоо илэрхийлж, үрдүнд хүрэхийг улс төрийн оролцоо гэдэг. НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувьд би өнгөрсөн хугацаанд үүний төлөө ажилласан.
-НАМЭХ-ноос зохион байгуулсан 1000 эмэгтэйн чуулган нийгэмд, эмэгтэйчүүдэд их үр өгөөжтэй арга хэмжээ болсон гэж боддог. Тэр чуулганаар ярьсан асуудлууд ажил хэрэг болсон уу?
-“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумд эх орны өнцөг булан бүрээс 1000 эмэгтэй төлөөлөгчөөр сонгогдон ирж,хоёр өдөр чуулж байсан. Үнэхээр сэтгэлд үлдсэн сайхан үйл явдал болсон. Эрчүүдийн олж хардаггүй, харсан ч жижиг хэмээн орхидог асуудал нь нийгэмд хуримтлагдан хүлээлт үүсгэж байгаа учраас эмэгтэйчүүд бид хамтын оюун ухаанаараа тунгаан хэлэлцэж, оновчтой шийдвэр, зохистой хувилбарыг төр засгийн шийдвэр гаргаж, бодлого боловсруулагчдад хүргэхээр зорьсон.
Чуулган маань зорилго зорилтоо хангасан сайхан арга хэмжээ болсон. Бид гэр бүл хөгжил, эрүүл мэнд, боловсрол, хөдөөгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчныг хамгаалах улс төрийн оролцооны гэсэн чиглэлээр зөвлөмж боловсруулж, төр засгийн бодлого, шийдвэрт тусган, улс төрийн намууд өөрсдийн мөрийн хөтөлбөртөө шингээн хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байв. Тэр чуулган дээр яригдсан асуудлууд эхнээсээ шийдэгдээд,төр, засгийн бодлого шийдвэрт тусаад явж байгаа гэж хэлж болно.
Тэр чуулган дээр тавьсан илтгэлдээ би “Монгол бүсгүй та Монгол түмний амь билээ” гэж хэлж байсан нь олон эмэгтэйг уяруулсан гэж дараа нь надад хүмүүс хэлж байсан. Үнэхээр монгол эмэгтэй, эх хүн бол монгол түмний амь шүү дээ. Тийм учраас эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ төлөө цаашдаа ч их зүйлийг хийхийн
төлөө явна.
-1000 эмэгтэйн чуулганаас эмэгтэйчүүдийн банк байгуулах санаачилга гарсан нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд их таалагдсан. Энэ санаачилга юу болсон бэ?
-Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, бизнесийг хөгжүүлж, бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага, дунд орлоготой эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэх “Эмэгтэйчүүдийн банк” байгуулж болох талаар судалгаа тооцоог бид хийсэн юм.
Нобелийн шагналт профессор Мухаммад Юнус “Санхүүгийн үйлчилгээ авах нь хүний үндсэн эрхүүдийн нэг мөн” болохыг тодорхойлж, “ядуурал бол музейд л байх учиртай амьдралын доройтсон төлөв байдал юм” гэсэн содон үг хэлсэн байдаг. Монголын ядуурал музейд бус бидний нэгэн хэсгийн амьдралын гутамшигт өнгө төрх болоод удаж байна.
Тулгарч байгаа асуудалдаа гарц хайдаг, эрж олдог хэрэгжүүлж шийддэг XXI зууны эмэгтэйчүүд бид олон жил улиг домог болтол нь ярьсан ядуурлаас салах гарц хайж олъё гэж ийм санаачилга гаргасан. “Эмэгтэйчүүдийн банк”байгуулж, үр дүнд хүрсэн дэлхий нийтийн туршлагыг судалсан.
Ийм банк байгуулж чадвал барьцаа харгалзахгүйгээр зээл авч амьдралаа өөрчлөх, өрх толгойлсон 90,000 шахам эмэгтэй жижигүйлдвэрлэл эрхэлж өмч хөрөнгийн эзэд болох боломжтой гэж үзсэн. Мөн эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй болж, бусдаас хараат явдаг амьдралын хэвшил, сэтгэлгээ, дадал зуршлаа өөрчилж үр хүүхдээ өсгөж чанартай боловсрол эзэмшүүлэх бололцоотой.
Эмэгтэйчүүдийн банк байгуулсан дэлхийн улс орнуудын туршлага ийм үр дүнд хүрсэн байна. Жишээ нь, Бангладеш улс барьцаа хөрөнгөгүйгээр ядуучуудад зээл олгох банкийг анх байгуулж, амжилттай ажилласан туршлагыг 40 гаруй улс хэрэгжүүлсэн байдаг юм билээ.
Тийм учраас ийм банк байгуулж чадвал зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй тэдний ард байдаг өрх гэрийн асуудлыг давхар шийдэх боломжтой. Энэ санал санаачилгаа би орхиогүй. Өмнөх Засгийн газарт асуудлыг тавьж байсан, энэ Засгийн газарт ч мөн адил. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө эмэгтэйчүүдийн бусад байгууллагатай, ер нь дэмжих сэтгэл зүрхтэй хэнтэй ч болов хамтран ажиллахад бэлэн байна. Ядууралд илүү өртөмтгий, амьдралын ачааг бусдаас илүү үүрч явдаг хэсэг бол эмэгтэйчүүд. Тийм учраас эмэгтэйчүүдийн асуудлыг шийдсэн улс орон хөгждөг зүй тогтолтой.