С.Бямбацогт: Түүхийг бүдгэрүүлэх байдлаар асуудалд хандах ёсгүй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.01.14

С.Бямбацогт: Түүхийг бүдгэрүүлэх байдлаар асуудалд хандах ёсгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн 22 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй шалтгааныг тайлбарлав.

Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ойн баярын үеэр төр засгийн удирдлагууд Сүхбаатарын хөшөө, Чингис хааны цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байсан. Гэтэл 22 жилийн ойн өдөр буюу өнөөдрөөс эхлэн зөвхөн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөдөг болсныг МАН-ын бүлэг дэмжихгүй байна гэлээ.

Тэрбээр "Түүхийг бүдгэрүүлэх байдлаар асуудалд хандах ёсгүй. Сүүлийн хоёр жилд өмнөх түүхээ үгүйсгэсэн шийдвэрүүдийг эрх баригчид гаргасан. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон. Улс тунхагласны өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэж бүх нийтээрээ амардаг байсан бол оронд нь Чингис хааны төрсөн өдөртэй болсон.

Түүх түүхээрээ л үлдэх ёстой. Ийм байдлаар түүхт үйл явдлуудад үзэмжээрээ хандах нь буруу. Түүхийг мушгин гуйвуулах оролдлого хийж байгааг МАН-ын бүлэг буруушааж байна" гэлээ.