Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" хөдөлгөөнд идэвхийлэн оролцож буй уурхайчдад талархал дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт уурхайчдад талархал дэвшүүллээ. Тухайлбал, "Platinium land" ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш анхны модоо 2021 оны 12 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгөөд байна.
Компанийн хамт олон "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд:
- Ойн хомсдол, доройтлыг бууруулах чиглэлээр 210 мянга,
- Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах чиглэлээр 316 мянга,
- Суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр 170 мянга,
- “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан 305 мянган мод тарьж ургуулах зорилт дэвшүүлжээ.
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл 184 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 350 орчим мянган мод тарьжээ. Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Туулын зүүн дэнжид техникийн нөхөн сэргээлтийг 53 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 33 га талбайд хийж, 40 мянган чацарганы суулгац тариалсан байна.
Түүнчлэн 2023 онд 2.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 4.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийнэ. Нөхөн сэргээлтийн ажлаараа бусдыгаа манлайлан “Тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан тухай компанийн ерөнхий захирал Т.Төрмөнх танилцууллаа.
Тус компани 2016 онд тал хээрийн бүсийн 480 м.кв талбайд зургаан төрөл зүйлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр тариалсан. Энэ онд Баруун цанхи төслийг түшиглэн говийн бүсэд модны нэр төрлөө нэмж 240 м.кв талбайтай хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан байна.