"Ардчиллын төлөө зүтгэсэн ахмадууддаа баяр хүргэе"
Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.12.09

"Ардчиллын төлөө зүтгэсэн ахмадууддаа баяр хүргэе"

Ардчилсан хувьсгалын 24 жилийн ой арванхоёрдугаар сарын 6-10-нд тохиож байгаатай холбогдуулан Ардчилсан намын хэрэг эрхлэх газраас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ.

Ардчиллын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Ардчилсан намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Ахмадын цахим чуулганыг нээж Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Р.Банзрагч Ахмадын холбооны ажлын тайланг танилцуулсан бол Монголын Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан мэндчилгээ дэвшүүлэв.

Тухайлбал, яг одоо Ардчилсан намын Ахмадын цахим чуулган Мэдэээлэл технологийн газрын Цахим хурлын танхимд болон 21 аймагт зэрэг болж байна.  Ахмадын цахим чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа 1500 ахмад оролцож байгаа юм. 

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн шинэчлэл өөрчлөлтийг авч ирэх 24 жилийн хугацаанд Ардчилсан намын тулах цэг, түших багана байж ирсэн ахмадууд та бүхэндээ Ардчилсан хувьсгалын баярын халуун мэндийг хүргэе. Иргэдээ оролцуулсан бодлоготой, авилгал хүнд сурталгүй, үйл ажиллагаагаа тайлагнадаг, хариуцлагатай, үр дүнтэй Монгол төрийг бий болгох нь Ардчилсан намын үе үеийн ахмадууд та бүхний минь зорилго байсан. Энэ зорилгыг биелүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан гарааны жилдээ иргэдийнхээ итгэлийг дааж амжилттай ажилалаа.

Цаашид бидэнд шинэчилж, өөрчлөхөөр төлөвлөсөн олон ажил хүлээгдэж байна.

Бид иргэдээ сонсдог чихтэй, иргэддээ нээлттэй ордонтой, тендэр бүхэн цахимжиж, бүтээн байгуулалт өрнөн, хүнд суртлыг цөөлж, эх орондоо үйлдвэрлэж, ажилтай чадварлаг залуусыг бэлдэж, бяцхан үрсээ тэтгэж, залуу хойчоо амьдрах ухаантай болгож эхлээд байна. Мөн мах, ногоо, нүүс, шатахуун гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлаж чадлаа.

Оношилгоо, Шинэсум, Автозам, Орон сууц, Боомтын шинэчлэл, Нисэх онгоц, Монгол зүтгүүр, Цэцэрлэгжүүлэлт, Гудамж төсөл, Монгол бахархал гээд өнгөрч буй нэг жилд хийсэн ажлуудыг тоочиж дуусахгүй. Гэхдээ эдгээр ажил маань гарааны жилд хийсэн ажил юм. Цаашид бидэнд шинэчилж, өөрчлөхөөр төлөвлөсөн олон ажил хүлээгдэж байна.

Шинэчлэлийн Засгийн газар ямар улс хүлээж авсаныг ахмадууд маань сайн мэдэж байгаа. Бид эмх замбараагүй айл, эрээвэр хураавар төрийн бүтэц, эцэс төгсгөлгүй хүнд суртал авилгал, олон арван дутуу төслүүдийг хүлээн авсан. Энэ бүгдийг ажил болгож, бүтээн байгуулалтаа улам эрчимжүүлэх болно. Өдгөө манай Засгийн газарт ахмад буурлууддаа зориулсан оновчтой халамж, хүчтэй дэмжлэг болох бодлого юу юунаас илүү хэрэгтэй байна. Хүндэт ахмад, буурлуудаа!

Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн баяр бол Монголын Ардчиллын төлөө зүтгэсэн үе үеийн ахмад буурлуудын маань халуун баяр юм. Монгол орныг хөгжүүлэх эдгээр ажлууд бол ахмадуудаас маань бидэнд өгсөн үүрэг, ирээдүй маань биднээс нэхэх хөгжил, ард иргэдийн маань бидэнд итгэсэн итгэлийн хариу билээ.

Монголын ардчиллыг нуруундаа үүрч, сэтгэлдээ тээн, үгээрээ хамгаалж, үйлсээрээ өртөөлж ирсэн бүх ахмадуудаа Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн халуун баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.