Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан
2013.12.05

Г. Баасан: 550 мянгаас дээш тэтгэврийг нэмэхээ азная

МҮОНТ ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан оролцлоо. 

- Таньтай уулзахаасаа өмнө ахмадуудынхаа тухай бодож үзлээ. Социализмыг буруу байна гээд өнөөдрийн нийгмийн тогтолцоог бид сонгон амьдарч байна. Гэтэл тэр нийгэмд амьдарч байсан хүмүүсийг социализмын үлдэгдэл мэт үзэх хандлага залуучуудын дунд ажиглагддаг.

Социалист нийгэмд амьдарч байсан хүмүүсийн буруу гэж байхгүй.  Энэ бол хүн төрөлхтний түүхэнд болоод өнгөрсөн зүйл. Монголчууд тэр нийгмийг хүлээн зөвшөөрсөн, залуу насандаа бүтээн байгуулахад нь оролцож байсан, одоо ардчилсан нийгэмд амьдарч байгаа настай хүмүүсийг яллаж болохгүй. Ингэх нь маш бүдүүлэг. 

Харин ч эсрэгээрээ, социалист системийг  бүтээн байгуулсан хүмүүс гавьяатай гэдгийг залуучууд ойлгодоггүй. Тэр үед цаг завгүй ажилладаг байлаа. Эмх цэгцтэй байлаа. Социализмд орсноороо монголчууд алдсанаасаа оносон нь их. Хүн амьдарч байсан нийгмийнхээ төлөө шударга зүтгэсэн тохиолдолд буруутан болох учиргүй. Нийгмийн тогтолцоог төр сонгодог болохоос энэ бол иргэн хүний хийх ажил биш.

Нийгмийн тогтолцоог төр сонгодог болохоос энэ бол иргэн хүний хийх ажил биш.

Хөдөө орон нутгаар явж байхад залуучууд чадваргүй, боловсрол муутай, дипломын араас хөөцөлддөг, хар ажил голдог, тэгсэн мөртөө ямар нэгэн дарга болох гэдэг, төв сууринд амьдарч хялбар аргаар амьдрахыг зорьдог зэрэг дутагдалтай талууд ажиглагддаг. Ардчилсан нийгэм  нээлттэй ч гэсэн, өмнөх үеэ нулимж амьдарна гэдэг утгагүй. Ахмадуудын тэтгэвэр бага хэдий ч, тэд улс орны ирээдүйд их санаа зовдог. Санаа зовохгүй байж чаддаггүй. Хөдөө орон нутгаар явж байхад ахмадууд шөнө дөл болтол надтай сууж, нийгмийн тулгамдсан асуудлуудаар ярилцдаг.

- Харин одоо гол асуудалдаа оръё. Тэтгэвэр бол санаа зовоосон чухал асуудал болоод байна.

Монголын насанд хүрэгчдийн 10 хувь нь тэтгэвэр авдаг. 2013 оны гуравдугаар улирлын тооцоогоор улсын хэмжээнд 306900 хүн тэтгэвэр авч байна. Амьдралын хэрэгцээнд хүрэлцээтэй тэтгэврийн хэмжээ 550 мянгаас дээш байдаг. Үүнээс доош тэтгэвэр авдаг ахмадуудад амьдрахад үнэхээр хэцүү.

Настангууд маань заяа буянаа эдэлж, насны эцэст жаргах ёстой байтал манай ахмадууд ажилгүй үр хүүхдээ тэжээдэг, оюутны төлбөр даадаг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд олон сараар тэтгэврийн зээл авдаг гэх зэргээр нийгмийн хамгийн хүнд ачааг үүрдэг. Тиймээс тэтгэврийн асуудал намайг их зовоодог.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хүн 189 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол маш эмгэнэлтэй.

- 96 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар болсон. Энэ мөнгийг ямар байдлаар хуваарилах гэж байна вэ?

Зах зээлд шилжих үед бид туршлага, мэдлэг, санхүүгийн боломж муутай байлаа. Тухайн үед ахмадуудын маань ажиллаж байсан олон байгууллага татан буугдсан, архивууд нь түймэр, үерт автаад алга болсон зэргээс болоод тэдний хөдөлмөрлөсөн жилийг шударгаар тооцоогүй. Улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь бодитоор үнэлж чадаагүй гэсэн үг.

Тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмнэ гэж Засгийн Газар мэдэгдлээ. Хэрэв хувьчилж нэмбэл бүр баларна. Яагаад гэвэл сая төгрөгийн тэтгэвэртэй хүний тэтгэвэр 300 мянгаар, харин 180 мянган төгрөг авдаг хүнийх 54 мянгаар нэмэгдэх гээд байна. Дээд тэтгэвэр улам дээшилж, доод тэтгэвэрт тэндээ л үлдэх болоод байна. Тэгэхээр бид 550 мянгаас дээш хэмжээний тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг нэмэхээ азная гэсэн байр суурьтай байгаа. 

Үргэлжлэлийг бичлэгээс....