Ц.Оюундарь: УИХ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авахгүй болов уу
АН-д үүсээд буй зарим нэг асуудлаар ЕНБД Ц.Оюундариас тодруулга авлаа.
-Ардчилсан намд "жигүүр" мэндлээд удаагүй байхад Р.Амаржаргал гишүүн УИХ-ын гишүүнээс түдгэлзэх саналаа хүргүүллээ. Энэ талаар ЕНБД-ын хувьд та юу хэлэх вэ?
-Жигүүрийн хувьд намд байдаг энгийн үзэгдэл. Үүнийг бид аль ч талаар асуудал гэж хүлээн аваагүй, анхнаасаа уулзаад хамтраад ажлын хэсэг байгуулаад явж байна. Төгс шийдэл гэж хаана ч байдаггүй учраас намын дүрэм журмаа АН шинэчлэх гэж олон жил ярьж, хэлэлцэж явна. Р.Амаржаргал гишүүний хувьд энэ шийдвэрээ намтай зөвшилцөөгүй.
УИХ-ын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад тойргийн сонгогчдыг төлөөлж ажиллах үүрэг хүлээдэг. Иймээс Р.Амаржаргал гишүүний энэ шийдвэр намын гэхээсээ илүү Сүхбаатар дүүргийн сонгогчдын сонголтыг үл хүндэтгэсэн, хариуцлагагүй шийдвэр болчихов уу гэж харж байна.
УИХ энэ талаарх шийдвэрийг гаргахдаа сонгогчдын эрх ашиг, тэднийг төрд төлөөлөх үүрэг хүлээсэн ардчиллын үндсэн зарчмын цаана оршиж буй өндөр хариуцлагын тухай сайн бодож нухацтай хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой. Дайны цагт бол тулаанаас няцаж өргөдлөө өгсөн дайчны хүсэлтийг шууд хүлээж авдаггүй биздээ. Хэдий шантрах үе тохиолдовч тулааны талбарыг сайн дураар орхих эрх байх ёсгүй. УИХ гишүүний хүсэлтийг хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна.
-УИХ дахь АН-ын бүлэг, намын удирдлагын түвшинд гишүүний энэ асуудлыг хүлээж авах бололцоотой юу. Хэрэв тийм бол УИХ-ын суудал МАН-ын хоёр нэр дэвшигчийн аль нэгэнд нь очихоор харагдаж байна?
-МАН-ын гишүүд шууд орж ирэхгүй л дээ. УИХ-ын сонгуулийн хуулийн 52-р зүйлд зааснаар Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг УИХ хүлээн авч гишүүнээс нь болиулбал тухайн тойрогт нөхөн сонгууль явагдана. Нөхөн сонгуульд бүх намууд болон хувь хүмүүс нэр дэвшин өрсөлдөх эрхтэй.
-Р.Амаржаргал гишүүнийг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр ийм шийдвэр гаргалаа гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар?
-Би хувьдаа тэгж бодохгүй байна.
- АН-ын бүхий л үйл ажиллагаа, дүрэм журмаа царцаахаас эхлээд болохоо байсныг "жигүүр" болоод Р.Амаржаргал гишүүний үйлдлээр илэрч байна гэж ойлгож болох уу?
-Юу гэж дүгнэх нь та бүхний хэрэг. Миний хувьд наад дүгнэлттэй чинь санал нийлэхгүй. Дээр хэлсэнчлэн бид тулгарсан асуудал бүрийг хамтдаа суугаад шийдээд явдаг. Улс төр бол олонхийн эрх ашигт нийцсэн дундын шийдлийг олохын төлөөх мөнхийн зөвшилцөөн, мэтгэлцээний талбар шүү дээ.
-Та саяхан СЕХ-нд Увсын асуудлаар хандсан. Энэ асуудлын хариу хэдийгээр шийдэгдэхээр байна?
-Өргөдлийг авч хэлэлцэх хуулийн хугацаа 30-60 хоног. Энэ хугацаанд багтаж шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна. СЕХ улс төрөөс ангид бие даасан хараат бус байгууллага учраас сонгуулийн хуулийн 35.34-т процедурыг нь үг үсэгчлэн заагаад өгчихсөн асуудал дээр ямар нэг эргэлзээгүйгээр шийдвэр гаргах бүрэн боломжтой.
-Танд баярлалаа.