УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.11.19

С.Одонтуяа: Р.Амаржаргал гишүүнтэй уулзаж шалтгааныг нь тодруулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.  Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх боломжгүй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнгөрсөн долоо хоногт Монгол УИХ-ын тухай хуулийн 6.3.3 зүйлд заасны дагуу УИХ-ын гишүүнээсээ татгалзах тухай өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Харин гишүүнийг чөлөөлөх, эргүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн Монгол  УИХ-ын 6.3.8 заалтын дагуу шийдэх ёстой.

Харин Ардчилсан намын бүлэг тус асуудлыг авч хэлэлцээд Р.Амаржаргал гишүүний гаргасан өргөдлийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.  Учир нь  УИХ-ын 2012 оны сонгуульд  Ардчилсан намыг төлөөлж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан ард түмний төлөөлөл. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашч байсан, УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдоод буй туршлагатай түшээдийн нэг хэмээн үзжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй боломжгүй

С.Одонтуяа: Р.Амаржаргал гишүүн ард түмний төлөөлөл учир ийм үйлдэл хийхгүй гэж найдаж байна

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3, 12 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг зөрчсөн гэж үзэж № 04 дүгээр дүгнэлтээ гаргасныг УИХ дахь АН бүлэг хэлэлцссэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “ Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ Иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу  оролцуулна.” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн энэ зүйлээр анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэх иргэдийн төлөөлөгчийг оролцуулах асуудлыг  УИХ-д хуулиар тогтоох эрхийг өгсөн гэж ойлгож болно. Иймээс Үндсэн хуулийн цэц өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдахгүй байх, цаашид Үндсэн хуулийн цэцийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй чиглэлээр ажиллах үүргийг Засгийн газарт өглөө.

Уг мэдээллийн дараа С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Р.Амаржаргал гишүүний тухайд АН-ын бүлэг өргөдлийг хүлээж авах боломжгүй  гэсэн шийдвэр гаргасан байна. Гэтэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал цаашид үндсэн ажлаа хийхгүй байвал яах вэ?

-Ардчилсан намын удирдлагууд Р.Амаржаргал гишүүнтэй уулзаж, ямар шалтгаанаар  УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаа шалтгааныг нь тодруулна. Харин Р.Амаржаргал гишүүн цаашид УИХ-ын хуралдаануудад оролцох оролцохгүй нь хувь хүний хүсэл зоригоос шалтгаалах байх. Нэгэнт УИХ-ын гишүүн болж ард түмний төлөөлөл болж байгаа хүний хувьд тийм үйлдэл хийхгүй гэж найдаж байна.

-Төрөөс газрын тосны талаар баримтлах бодлогыг Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгасан уу?

-Төрөөс газрын тосны талаар баримтлах бодлого болж тусдаа орж ирнэ. Эрдэс баялгийн бодлогод энэ талаар ороргүй. Э.Болорчулуун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. УИХ-ын хэлэлцүүлгийн явцад бүлгийн  хуралдаанаар авч хэлэлцэнэ.

-Та Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. УИХ-ын тогтоолын төсөл энэ долоо хоногт хэлэлцэгдэнэ. Ямар зарчим барьж ажиллаж байна вэ?

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулах тухай УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байна. Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийнэ. Анх орж ирсэн хувилбар зарчмын хувьд хэлээд өөрчлөгдсөн. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэхгүйн тулд тодорхой заалтууд туссан. Төр зөвхөн бүртгэл хяналт зөвшөөрөл өгөхөд төрийн үүргийг хязгаарлая.

Бусад бизнесийн үйл ажиллагаанд төрийн эрх үүргийг хязгаарлах заалтыг тусгаж өгсөн. Мөн олон улсын стандарт руу  шилжих тодорхой заалтуудыг тусгаж өгсөн байгаа. Маргаан шийдвэрлэх процесс, эрдэс баялгийн мэргэжлийн холбоодын чадавхийг дээшлүүлэх заалт мөн орсон. Хамгийн гол нь уул уурхайн салбарт үүсээд буй тогтворгүй байдлыг хэрхэн засч залруулах нь тус бодлогын баримт бичигт туссан. Талууд, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийнхний саналыг тусгаж байж хуулийг батлуулдаг байх чухал заалтууд орсон.