
АБГББХ: "Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэн дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар захирамжийг үндэслэн Зээлийн хэлэлцээрт 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зураад байна.Тус төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад туссан бөгөөд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй нийцэж байгаа болно.
Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм гэлээ.
Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээлийн хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий гэсэн 6 аймаг, 90 сумын цахилгаан хангамж, 100 гаруй уул уурхайн компани цахилгаан, эрчим хүчний найдвартай хангамжтай болох байна гэж ойлгосон. Чойроос Сайншанд хүрэх өндөр хүчдэлийн шугам баригдаж байна. Сайншандаас Замын-Үүд хүртэлх шугам хэзээ баригдах вэ хэмээн лавлав. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эрчимтэй явж буйг дурдаад, Эрдэнэбүрэнгээс Мянгад сум хүртэл, Мянгадаас Улиастайг хүртэлх шугамыг хэзээ барих вэ хэмээн асуусан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Чойр-Сайншанд чиглэлд шугамын ажил хийгдэж байгаа. Сайншандаас Замын-Үүд хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийвэл хэрэглээ ямар хэмжээнд өсөх вэ гэдэг судалгааг хийж байгаа хэмээсэн. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 2029 онд дуусч ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Хятад Улсын Эксим банкны санхүүжилтээр барьж байгаа. Эхний ээлжинд Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлд 220 кВ-ын хос дамжуулах агаарын шугамыг маш яаралтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих шаардлага үүссэн. Мянгад-Улиастай чиглэлд 400 гаруй километр урт агаарын шугам барихад 100 гаруй сая ам.долларын өртөгтэй болно. Энэ асуудлаар Азийн хөгжлийн банктай хэлэлцээр эхлүүлсэн ч жаахан саатаад байна гэсэн хариултыг өглөө.