Г.Баасан: Би иргэний нийгмээрээ үлдэхийг хүсч байна
“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасанг урилаа.
Түүнийг Монголчууд “тэмцэгч” Баасан гэдгээр нь илүүтэй мэддэг билээ.
-Ахмадуудтай хувь заяагаа холбосон түүхээс тань ярилцлагаа эхэлье?
-Ахмадуудтай есөн жилийн өмнө хувь заяагаа холбосон. Гэхдээ маш санаандгүй тохиолдол байсан. Өмнө нь би хүний эрхийн төлөөх байгууллагад ажиллаж байсан.
Тэгэхэд ахмадууд тэтгэврийн хэд маань амьдралд хүрэхгүй байна. Сарын сүүлийн 10 хоногт бид хоосон хонож байна. Бид маш их гутарч амьдардаг, эрх зөрчигддөг гэсэн хүсэлт тавьсан. Түүнээс хойш тэтгэвэр тэтгэмж, ахмад дайчин, харьяалал, эрүүл мэнд, гэр орон гээд маш олон асуудлыг тавьсан.
Энэ асуудлуудаас олон ажил биелэлээ олж амжилтад хүрсэн. Ахмадууд маань иргэнийхээ үүргийг сайн биелүүлсэн. Иргэний нийгэмд иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж байж, ямар нэгэн улс төрийн захиалгаас ангид, чин үнэнээсээ эрх ашгаа хамгаалаад явбал амжилтад хүрдэг гэдгийг тэд маань ойлгосон. Миний хийсэн ажил дуусаагүй. Тиймээс ахмадуудын төлөө хийх миний ажил цаашаа үргэлжилнэ.
-Ахмадуудаасаа нүүрээ буруулахгүй байх шалтгаан нь юу байна вэ. Таныг монголын ард түмэн хангалттай мэднэ. Тиймээс өөр ажил эрхлээд явах боломжтой шүү дээ?
-Энэ ахмадуудтай чинь ойр дотно, хамтарч ажиллаж байж тэдний сайн сайхныг илүүтэй мэдэрнэ шүү дээ. Тэд маань их хүчтэй, хөдөлмөрч, шударга, чин үнэнч байдаг. Ахмадуудаасаа бид сурч байж Монгол Улс хөгжинө. Түүнээс биш ахмадуудаа ардаа хаячихаад манай улс хөгжихгүй гэдгийг би олж харсан.
Би олон хүнтэй хамтарч ажиллаж үзсэн. Тэдэн шиг фронт болж ажилласан чадварлаг хүмүүстэй би одоохондоо учраагүй байна. Ахмадууд маань намайг ч сургасан. Би тэдэндээ ч сургасан. Тэгэхээр бид хамтын хөдөлмөрөөр нийгэмд олон зүйлийг өөрчилж чадсан шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газартай хамтран ахмадуудынхаа үйл ажиллагааг шинэ шатанд гаргая, олон улсын жишигт хүргэе хэмээн зорьж явна.
Мөн хүн төрөлхтний өмнө Чингисийн Монгол гэдгээрээ алдартай мөртлөө яагаад ахмадууд маань хэцүү амьдрах ёстой юм бэ. Дэлхийн түүх бол Монголын түүх гэж үг бий. Бид дэлхийн алдартай хүмүүст бахархуулах гавьяатай эх оронтой. Энэ сайхан нэр алдрыг ахмадууд бүтээсэн.
Ахмадууд маань намайг ч сургасан. Би тэдэндээ ч сургасан. Тэгэхээр бид хамтын хөдөлмөрөөр нийгэмд олон зүйлийг өөрчилж чадсан шүү дээ.
Гэтэл өнөөгийн бидэнд бүтээгээд байгаа алдар нэр, амжилт тун хомсхон байна шүү дээ. Тэгэхээр улс орноо хөгжил дэвшилд хүргэхэд ахмадуудаа сонсч, өөд нь татаж, хамтарсан цагт Монгол Улсын заяа буян тэгшрэх тийм том багана болно гэдгийг олж харсан. Тиймээс хувь заяагаа тэднээсээ холдуулж чаддаггүй. Бид маш их эрч хүчтэй ажилладаг. Улсын хэмжээнд ахмадын ажлыг хариуцах үүрэг хүлээсэн.
Мөн хөдөө, орон нутагт амьдардаг ахмадууд маань мэдээллээс их хол. Тиймээс хамгийн түрүүнд орон нутгийн ахмадуудаа шинэчлэн бүртгэлжүүлж, зохион байгуулалтад оруулна. Өмнөх ахмадын байгууллага нь төсвөөс мөнгө авч байсан атлаа хуучин намын үзэл баримтлалыг хатуу барих бодлогоор, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг ойлгуулах, идэвхтэй амьдрах боломжийг хааж байсан.
Эсрэгээр нь ахмадуудыг ядуу дорой байлгах, тэтгэврийг бага байлгах, гурав ялгаж шийдвэр гарган ажиллаж байсан. Тодруулбал, дээд талын тэтгэвэр нэг сарын сая төгрөг, байхад хамгийн бага нь 145 мянган төгрөг авах жишээтэй. Асар их ялгаа байгаа биз дээ.
-Монгол Улсын хөгжлийг та хэрхэн харж дүгнэж байна вэ. Ер нь бид хөгжиж байна уу?
-Хөгжил гэдэг нь цаг хугацаагаас хэмжигдэхээс гадна улс орныхоо хүн амыг хэрхэн чадваржуулж, дэмжиж байгаагаас шалтгаална. Нэгэнт бид хаалттай нийгмээс нээлттэй рүү шилжсэн. Үүний ачаар хүн төрөлхтөнтэй нээлттэй харьцдаг болсон. Өөрөөр хэлбэл, бид мэдээллийн эрин зуунд маш хурдтай орлоо. Засгийн газрын бодлогоор хөгжихгүй байхад тэнд амьдарч буй хүмүүс нь өөрсдөө чадалтай байгаагийн нэг илрэл.
Ер нь төр, засаг гэдэг бол ард түмэндээ байнга гологдож явдаг. Гологдохгүйн тулд төр, засаг нээлттэй, хурдтай, тэгш шударга, ялгаварлан гадуурхахгүй, ард түмнийгээ хайрлаж, хүндэлж, хүлээн зөвшөөрч байж улс орон хөгждөг. Манай төр, засагт нэг том алдаа байгаа юм.
Тэр нь нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлнэ, иргэний нийгмийг дэмжинэ гээд хэлчихсэн асуудал. Гэтэл нь энэ байдал нь эрх зүйн орчноороо маш хаагдмал байдаг. Улмаар эдийн засгийн дэмжлэг нь ч хаалттай байдаг. Зөвхөн улс орныг нам, намаар л хувааж байна.
Улмаар гэр хорооллын “Баагий нар” гэж ярьдаг. Түүнчлэн 40 мянгатад төрж өссөн гэдгээрээ гайхуулдаг. Тэгвэл 40 мянгатын монгол, гэр хорооллын монгол гэж ярих уу. МАН-ын монгол, АН-ын монгол гэж байх уу. Үгүй л байхгүй юу. Монгол монголоороо л үлдэнэ.
-Тэгэхээр хөгжихийн тулд ямар алхамыг эхлүүлэх ёстой вэ?
-Энэ дөрвөн жилд манай холбооныхон намуудыг хатуу гишүүнчлэлтэй байлгахаас татгалзана гэдэг зорилт тавьчихсан байгаа. Дараа нь намуудын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг байхгүй болгоно. Ингэж байж л манай улс нэгдмэл болно. Одоо бол бид бутархай улс хэвээр байна. Түүнчлэн улс төдийгүй өрх гэр нь бутархай байгаа. Тодруулбал, нэг айлд таван өөр намын гишүүн байна.
Тавуулаа таван өөр үзэл баримтлалтай. МАН, АН хоёр төрийг ээлжлээд удирдаад явна гэдэг. Тэгвэл хоёр намын дарангуйлалтай Монгол Улс болж хувирна биз дээ. МАН-д сайн нь ч, муу нь ч байна. АН-д хулгайч нь ч, эх оронч сэтгэлтэй нь ч байна.
Ахмадуудаасаа бид сурч байж Монгол Улс хөгжинө. Түүнээс биш ахмадуудаа ардаа хаячихаад манай улс хөгжихгүй гэдгийг би олж харсан.
Тиймээс Монгол Улс намын хатуу гишүүнчлэлгүй болчихвол эх орныхоо төлөө арай илүү зүтгэж, хөдөлмөрлөнө. Түүнчлэн нийгмийн болохгүйг олж харж чаддаг, тэрний төлөө сэтгэл зүрхээ зориулдаг, улсаа хөгжүүлчихээд дараа нь өөрийгөө боддог боловсролтой залуус хэрэгтэй байна. Түүнээс биш зургаан дипломтойг нь боловсролтой хүн гэж хэлэхгүй. Энэ бол зүгээр л цаас. Монгол Улсын хөгжил дэвшлийг харъя гэвэл математикч, гарын уртай инженер, сэтгэн бодох чадвараар сайн хүмүүсээ бүлэг, клуб болгох хэрэгтэй.
Тэднээс сайн юм олж авч, түүнийг нь төрийн бодлогод оруулж эдийн засгийн хараат байлгаж чадвал бид хөгжиж чадна. Өнөөдөр намд таалагдаж төрийн ажилд ордог, залуучууд нь намын гишүүн болж, хурдан мөнгөтэй болно, өндөр албан тушаалд очно гэж мөрөөддөг болчихсон байгаа. Ийм байхад Монгол Улсын хөгжил царцалгүй яах вэ дээ.
Энэ байдлыг арилгах юм бол Монгол Улс маш хурдан хөгжинө. Манай монголчууд маш хөдөлмөрч, их дайчин, ирмүүн сэтгэлтэй. Нэг монгол хүн арван хятад хүнтэй дүйцэнэ. Тийм л дайчин ард түмэн шүү дээ. Зах зээлийн нийгэмд шилжихэд нэг ч монгол айлд төрийн дэмжлэг байгаагүй.
Өдгөөг хүртэл бүгдээрээ бор зүрхээрээ амьдралаа авч явж ирсэн. Харин өмч хувьчлалын нэрээр хулгай хийсэн нөхдүүд өнөөдөр бидний толгой дээр сууж байна. Хүн амаа хөгжүүлэхгүй байх бодлогыг хуучин намынхан маш их баримталлаа шүү дээ. Ажил битгий хий гэдэг зарчмаар авч явах гэж их хичээлээ. Тодруулбал, шинэ гэр бүлийн 500 мянга, хүүхэд бүрийн 21 мянга гээд өглөө. Гэтэл энэ шүлс шиг мөнгөөр яах юм бэ, бид. Өнөөдөр Хятадаас баахан хортой хүнс орж ирж байна. Хүн амынх нь хүнсний бодлого алдагдчихсан.
Хэдэн байгаа эмнэлэгт нь өвчтөнүүд багтахгүй байна. Хил гааль дээрээ хүнсээ шалгаад оруулдаг тоног төхөөрөмж аваад тавьчихсан бол өнөөдөр ядаж иргэд нь эрүүл саруул байна шүү дээ. Мөн монгол хүн, монгол хүнээ үзэн яддаг болчихсон. Гадаадыг хүнийг шүтдэг болчихсон. Гадаад бол гадаад. Амьдрал мэддэггүй. Ард иргэдийнхээ дунд амьдарч үзээгүй хүн төрийн эрхэнд гараад явж байна.
-Намын хатуу гишүүнчлэлээсээ тийм амархан салж чадах болов уу?
-Энэ бол маш том эмгэнэл. Салах л болно. Сонгинохайран дүүргийн 31 дүгээр хороонд ардчилсан үзэлтэй 77 настай хөгшнийг харанхуй өрөөнд цоожилсон байна.
МАН-д саналаа өг гэж боосон байгаа юм. Заримдаа гадуур явж хөгшчүүлтэйгээ уулзах гэхээр болохгүй байна. “Уг нь чиний яриад хэлээд байгаа зүйл зөв л дөө. Даанч намын дарга харчих байх. Тэгвэл намайг хамаг юмаар бооно. Тусламж болон түлш, түлээ олдохгүй. Дараа нууцаар уулзъя” гэж хэлдэг. Нөгөө л нэг намын дарангуйлал байсаар.
Тэгэхээр МАН-ыг маш хариуцлагатайгаар татан буулгах шаардлагатай. Тэд хуучин үзэл баримтлалаасаа салахгүй байна. Дахин хэлье. МАН-ынхан ардчиллаа үзэн ядаж байна. Тэд ардчилал гэдэг үгэнд маш дургүй. Харин АН нь ардчиллыг авчирсан Монголын мянга мянган эх орончдыг үзэн ядаж байна. Тэгэхээр энэ улс яаж хөгжиж, дэвжих юм бэ. Энэ байдал нь улсын хөгжилд маш их садаа болж байгаа.
Өнөөдөр гэр бүл нь бутархай, газраа 60-70 жилээр гаднынханд худалдчихсан байна. Ийм ноцтой гэмт хэрэг хаана ч байхгүй. Ялаар тооцохын аргагүй гэмт хэрэг гэж хардаг. Тиймээс би анх удаа газар шорооны асуудлыг тавьж байсан. Үүнд миний сэтгэл эмзэглэдэг. Эв нэгдэлгүй гэр бүл олон байвал биднийг улс орон гэж үзэх юм уу. Монголчууд гэр бүлийн айхтар өндөр соёлтой байсан. Одоо бол байхгүй. Өнөөгийн нийгэмд аав, ээжээсээ үг сонсдог хүүхэд гэж алга. Өвөө, эмээгээ асардаг хүүхэд ч байхгүй болсон.
Урдаас хэлдэг ганцхан үг нь таны үе дууссан. Ахмадууд эмнэлэгт очоод үзүүлнэ. Насны доройтол гээд хөөгөөд явуулчихаж байна. Тэгэхээр бид ямар гэгч хатуу нийгэмд амьдраад байна вэ. Тиймээс энэ нийгмийг зөөлөн сайхан болгоод явах нь биднээс шалтгаална. Монголчууд өөрсдөө идэвхгүй байна. Нөгөө л даргын амыг хардаг, айдаг байдлаасаа салаагүй. Өөрөөр хэлбэл, хүлээсээ тайлж чадаагүй.
Төрийн толгойд гэмт хэрэгтнүүд байна. Юу ч мэдэхгүй, хүн ч удирдаж үзээгүй нөхөр өнөөдөр гишүүн болчихсон явж л байна. Тиймээс нийтийн төлөө нэг ч гэсэн амжилт гаргаж үзээгүй хүнийг УИХ-д сонгох шаардлагагүй. Хулгайч нар өөрсдийгөө сонгогдохгүй гэдгээ мэдэж байгаа учраас “цэвэрхэн үсэрч” орох цонх гаргасан. Иргэдийн сонгох эрхэнд халдаад цонхоор шууд ороод ирж байгаа биз дээ.
Тиймээс Монгол Улсаа авч чадах хүнийг тодорхойлох ёстой. Тэр ч бүү хэл МҮОНТ-ээр үг хэлье гэхэд минут нь 80 мянган төгрөг гэж байна. Би хулгайч биш учир надад ийм их мөнгө байхгүй. Монгол хүн болсноороо гишүүд маань бахархах хэрэгтэй. Зарим цадчихсан гишүүд одоо бол больчих хэрэгтэй. Улам л баяжсан дээрээ баяжих гээд байх юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Батхүү монголчуудыг согтууруулж ханалаа шүү дээ.
Хоёр нүдэнд нь мөнгө, тархинд нь эрх мэдэл, зүрхэнд амин хувиа хичээх явдал байрлачихсан. Ийм нөхдүүд монголын төрөөс зайлах хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хуулиа дахин өөрчлөх хэрэгтэй гэсэн үг үү?
-Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Хүн төрөлхтөнд ардчилсан нийгэмтэй улс орон гэж зарлаад байдаг. Үүнээсээ татгалзах хэрэгтэй. Тэр нам, энэ намын хулгайч нар гээд хэрэлдээд байдаг. Дээр хэлсэнчлэн намын монгол гэж байхгүй шүү дээ. Монгол гэж улс дэлхийд ганцхан байдаг.
-Та намын гишүүн үү. Би таныг ардчиллын үзэл баримтлалыг дэмждэг болохоос аль нэг намын гишүүн биш байх гэж боддог?
-Тийм ээ. Ардчилсан үзэл баримтлалыг дэмждэг. Би нам бус хүн шүү дээ.
-Цагтаа таньтай мөр зэрэгцээд гудамжинд жагсч байсан хүмүүс бүгдээрээ албан тушаалд хүрчихсэн байна?
-Бүгдээрээ төрийн хүмүүс болсон шүү дээ. Харин би иргэний нийгмээрээ үлдэхийг хүсч байна. Иргэний нийгмийн хүн төрд очихдоо ард иргэдээ гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж очиж болно.
Түүнээс амиа хичээгээд суугаад байж болохгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газар огцор” гэж хэлэх эрхгүй. Ямар ч ажил хийгээгүй залуу шүү дээ. Ж.Батзандан гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хуулийн зөвлөх. Түүнчлэн О.Магнай тэр хоёр талбай дээр жагсч, тэмцээд явж л байсан.
Тэгэхэд О.Магнайг зодуулаад байж байхад Ж.Батзандан жийпнээс хараад сууж байсан. Тэр ч бүү хэл Ж.Батзандан энгийн иргэдийг борчууд гэдэг. Тэр өөрөө цагаан захтан байхгүй юу. Би үүнийг хаана ч хэлнэ.
-Таныг хэзээнээсээ их тэмцэгч, шударга явсан гэдгийг үеийн хүмүүс хэлж байсан?
-Би хэнээс ч айж яваагүй. Хэнтий аймгийн Хэрлэн-Улаанбаянгийнхан мэднэ. Би “даргагүй” Г.Баасан нэртэй явсан. Дарга нараа шүүмжилдэг, шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй байсан. Одоо ч энэ хэвээрээ л явна даа.
-Ер нь өнөө үед тэмцэгчид үгүйлэгдээд байх шиг?
-Хэлмэгдэлт дуусаагүй байна. Би монгол хүний төлөө цохилох зүрхтэй байснаараа таван удаа баригдсан.
-Таныг хоёр өрөө байр Н.Энхбаяраас аваад амаа үдүүлчихсэн гээд байдаг. Үнэхээр та авсан юм уу?
-Ардчилсан холбооны ойгоор 2006 онд “Ардчилал сан”-аас хүний эрхийн шагналаар шагнуулсан. Энэхүү шагналыг дагаж хоёр өрөө байр ирсэн юм. С.Баяр бид хоёр тэр өдөр хүний эрхийн шагналыг авсан. Энэ яваа насандаа Н.Энхбаяр гэдэг хүнээс юм авахгүй л дээ. Нэг ч төгрөг авахгүй. Ийм бузартай хүний салхин доогуур нь ч гарахгүй.