Манайд Үндсэн хуулиас улбаатай ахмад настны 10 эрх байдаг ч хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг бататгах шаардлагатай
2025.06.20

Манайд Үндсэн хуулиас улбаатай ахмад настны 10 эрх байдаг ч хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг бататгах шаардлагатай

Хүний эрхийн Үндэсний комиссоос зохион байгуулж буй "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумын нээлт өчигдөр (2025.06.19) боллоо. 

Форумд “Ахмад настны эрхийн талаарх ОУ-ын гэрээ: Туулсан зам, тулж буй ирээдүй” панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцож санал солилцлоо.

Ахмад настнуудад тулгарч буй асуудал, шийдлийг хэлэлцэх, ОУ-ын туршлага хуваалцах, ахмад настны эрхийн хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, шийдэл солилцохоор Филиппин, Балба, Йордан, Тайланд, Энэтхэг, Польш, Катар улсын Хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд, олон улсын байгууллага, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байгаа нь энэ юм.

"Олон улсын ахмадын холбооноос ахмад настны бие даасан конвенцтой болох асуудал олон жил яригдаж байв.

Үр дүнд нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны хүний эрхийн талаарх конвенц боловсруулах асуудлыг 2025 оны 58 дугаар чуулганаараа авч хэлэлцэн “Ахмад настны хүний эрхийн талаарх олон улсын заавал дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий баримт бичгийг боловсруулах, хүний эрхийн зөвлөлд өргөн барих мандат бүхий Засгийн газар хоорондын нээлттэй ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэсэн.

Манайд Үндсэн хуулиас улбаатай ахмад настны 10 эрх бий. Хэдий хэрэгжиж байгаа ч олон улсаас “Ахмадын эрхийн тухай” конвенц гарчихвал энэ чиглэлээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, хууль эрх зүйн таатай орчин бүрдэх юм.