Ц.Оюундарь: УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын өргөдлийг Ховд аймгийн АН хүлээж аваагүй
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.11.08

Ц.Оюундарь: УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын өргөдлийг Ховд аймгийн АН хүлээж аваагүй

АН-ын ЕНБД Ц.Оюундариас зарим нэг цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

 А.Мурат тэргүүтэй жигүүрийнхэн АН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Тэрхүү шаардлага нь юу болж байна, та бүхэн нэгдсэн ойлголтод хүрч, ахиц гарч байна уу?

  -АН-ын дарга “жигүүр”-ийнхнийг хүлээж авч уулзсан. Тавьсан шаардлагуудын дагуу АН-ын хэрэг эрхлэх газрынхантай хамтраад тодорхой төсөл боловсруулах үүрэг өгсөн. Энэ дагуу улс төрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт  “жигүүр”-ийн гурван төлөөлөл багтсан.

Ажлын хэсгийнхэн 2011 онд дүрэмт өөрчлөлт оруулан дотоод сонгууль буюу “ротаци”-ийг зогсоосон. Зогсоосон энэхүү өөрчлөлтөө дүрэмдээ эргүүлэн оруулах, улс төрийн албан тушаалтнуудын хариуцлага ёс зүйн журмыг өөрчлөх. Түүнчлэн Хэрэг эрхлэх газрын бүтэц нь сөрөг хүчин байх үеийн бүтэц байна.

Тиймээс эрх барьж байгаа намын хувьд мөрийн хөтөлбөртэйгээ уялдсан бүтэц бий болгоё гэсэн санал гаргасан. Энэ саналыг боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна.  

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзах өргөдлөө Ховд аймгийнхаа АН-д өгсөн байдаг. Тиймээс АН-ын дотоод сонгууль “ротаци” хэдийгээр явагдах уу, намын дүрэм журамд хэр салхи оруулж байна вэ?  

-Дүрмийн өөрчлөлтийг намын удирдлагууд болон хувь хүмүүс хийдэггүй. ҮЗХ өөрөө хуралдаад энэхүү журмын өөрчлөлтийг хийсэн. Журмын өөрчлөлтийг хийх шалтгаан тухайн үед байсан. Учир нь ротацийг далимдуулж нам дотор янз бүрийн хүмүүс үзэл бодлоор биш, мөнгөөр орж ирэх явдал бий болчихсон байна гэдэг үүднээс тухайн үед ҮЗХ хуралдаад энэ бусармаг явдлыг зогсоосон юм. Тэр ҮЗХ-оор орсон өөрчлөлтийг мөн ҮЗХ-оор оруулж дахин өөрчлөх ёстой.

Түүнээс биш өнөөдрийн байгуулагдсан ажлын хэсэг болон удирдлагууд дур зоргоороо хийж болдоггүй. Тиймээс өнөөдөр ажлын хэсгийн боловсруулж байгаа зүйл бол төсөл юм. Төслийг ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд шийдэх эсэхийг шийдвэрлэнэ. Тэрхүү шийдвэр хэрхэн гарахыг өнөөдөр хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй.   УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд ҮЗХ-оос гарах өргөдлөө гаргасан.

Өргөдлийг нь Ховд аймгийн АН хүлээж аваагүй. АН-ын нүүр царай болсон, УИХ-д намаа төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд таны өргөдлийг бид хүлээж авах боломжгүй, харин ч Ховд аймгийн АН-ыг төлөөлүүлэн ҮЗХ-нд байлгахыг бид хүсч байна хэмээн Ховд аймгийн АН албан ёсны хариу өгсөн байдаг.  

-МАН-ынхан саяхан их хурлаа хийж, намын шинэ удирдлагуудаа сонголоо. Эрх баригч намын ЕНБД-ын хувьд тэрхүү хурлыг хэрхэн ажиглан харж байв?  

-МАН-ын хурлын талаар АН байр суурь илэрхийлэх боломжгүй. Ямар ч гэсэн шинээр сонгогдсон удирдлагуудад хувийн зүгээс баяр хүргэсэн. Мөн хуралд нь амжилт хүсч баяр хүргэсэн. Бид нар Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэг л улс төрийн тавцанд хамтарч ажиллаж байгаа, өрсөлдөж байгаа улс төрийн хүчний хувьд хөндлөнгөөс баяр хүргэх, ажиглах л үүрэгтэй.  

-Таны хувьд МАН-ын шинэ ЕНБД-ыг хэрхэн хүлээн авч харч байна вэ?  

-Энэ талаар би тайлбар хэлж чадахгүй...  

-Увс аймгийн УИХ-ын сонгуулийн асуудлаар та бүхэн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Энэхүү үйл явц өнөөдөр юу болж байна вэ?  

-Бид өмнө нь дөрөвдүгээр сард энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд хандан өргөдөл өгч байсан. Тухайн үед шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байсан учир тэр өргөдөлд хариу өгөх боломжгүй байсан. Одоо бол шүүхийн шийдвэр эцэслэн гарсан учир АН-ын зүгээс өргөдлөө ойрын өдөр өгнө.