Ц.Оюундарь: Дарханы АН-ынхан хотод хоргодох байр хайх хэрэггүй
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн дугаарт урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоодод чухам ямар асуудал болоод бужигнаад эхлэв ээ. Энэ талаар та тодорхой хариулт өгнө үү?
-Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоод дахь асуудлыг нарийн ширийн тайлбарлах нь зарим хүнд огт сонирхолгүй санагдах байх. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад таны асуултад хариулт өгөхөөс өөр аргагүй байдалд ороод байна. Дархан-Уул аймгийн Ардчилсан намд олон жил ужгирсан үл ойлголцол, хуваагдал, он дамжин гүнзгийрсээр сүүлдээ намын хоёр байртай болж, гишүүд дэмжигчдээ ч мөн адил хэд хэдэн бүлэгт хуваачихсан юм билээ.
Би ажлаа аваад удаагүй байхдаа эхлээд Орон нутгийн хурлын сонгууль, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуультай нүүр тулсан. Тиймээс хүссэн хүсээгүй энэ асуудлыг нь нүдээ аньж өнгөрүүлээд зөвшилцөлд хүрэхээс өөр зам надад байгаагүй. Дархан-уул аймагт очоод Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчидтэй уулзахад “Олон жил болсон энэ зөрчлийг арилгах талаар ямар нэгэн алхам хийж өгөөч” гэсэн хүсэлт гаргадаг юм.
Энэ ч үүднээс Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн хүсэлтийг харгалзан үзэж, хэд хэд талцаад байсан бүлэглэлүүдийн төлөөллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг ширээний ард суулгаж, ойлголцолд хүргэн эвлэрүүлж, тохиролцоо хийсэн юм. Үүний ачаар Дархан-уул аймгийн Ардчилсан намын бүх бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгуульд эв нэгдэлтэйгээр нэг баг болон оролцож, ялалтад хувь нэмрээ оруулсан шүү дээ.
-Чухам ямар тохиролцоо хийсэн юм бэ?
Хяналтын ерөнхий хороо процедурынхаа дагуу Дархан-Уул аймагт очиж газар дээр нь асуудлыг шинжлээд өнгөрсөн даваа гарагт болсон хурлаараа авч хэлэлцсэн.
-Ерөнхийлөгчийн сонгуульд эв нэгдэлтэйгээр оролцъё. Дараа нь одоогийн намын хороонд орж чадаагүй, хасагдсан гишүүд, бүлэглэлүүд, залуучуудыг хамруулаад анхан шатны үүрээсээ намын хорооны гишүүдээ шударгаар сонгоё. Түүнээс бүрдсэн намын хороо нь цаашид дүрмийнхээ дагуу хуралдаад намын дарга, “Эвэртэн, туурайтан”-аа сонгоё гэсэн тохиролцоо хийсэн юм.
Гэтэл Дархан-Уул аймгийн Ардчилсан намын одоогийн удирдлагууд нь тохиролцоогоо зөрчлөө. Үүгээр ч барахгүй тохиролцоонд оролцсон гол хүн болох тухайн үед Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга байсан Л.Наранбаатарыг даргынх нь ажлаас өөрчилж, 2009 оноос хойш намын даргын ажлыг хийхдээ намын хуваагдлыг дээд цэгт нь хүргэсэн Н.Мягмардаш гэж хүний дүү Н.Мөнхдаш гэж хүнийг намын дарга болгочихсон байгаа юм.
Энэ бүх итгэл эвдсэн байдлаас болоод тохиролцооны дараагийн хэсэг болох анхан шатнаас хийх сонгуулийг хийх эсэх дээр эргэлзээ төрж эхэлсэн юм. Тиймээс энэхүү эргэлзээгээ намын “дээд шүүх” болох Хяналтын ерөнхий хороогоор эцэслүүлж байж цаашдын алхмаа хийх хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн юм.
Ингээд л Хяналтын ерөнхий хороо процедурынхаа дагуу Дархан-Уул аймагт очиж газар дээр нь асуудлыг шинжлээд өнгөрсөн даваа гарагт болсон хурлаараа авч хэлэлцсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Ардчилсан намын одоогийн удирдлагууд нь Хяналтын ерөнхий хорооны хуралд нөлөөлөх зорилгоор 30-аад хүнийг уриа, лоозон бариулан Ардчилсан намын төв байр руу турхирсан үйлдэл хийсэн байна билээ.
Тэд миний өрөөнд дайрч орж ирэхэд нь би “Хяналтын ерөнхий хорооны хуралд хэн ч нөлөөлөх учиргүй. Хурлын шийдвэр гартал би та нартай уулзахгүй” гэдэг тайлбарыг өгсөн. Хурлын шийдвэр гарсны дараа “Анхнаасаа бүх бүлэглэлийг нь байлгаж байгаад, бүх гишүүнийх нь төлөөлөлтэйгээр зөвшилцлийг хийж байсан учраас тайлбараа ч бас тэгж өгнө гээд өнгөрсөн лхагва гарагт Дархан-Уул аймагт очиж, гишүүдтэй нь уулзаад ирлээ. Уулзалтын үеэр энд ирсэн 30 хүнийг хэдэн арав дахин нугалах тооны гишүүд цугласан гэдгийг онцлон хэлье.
Ер нь бол мөнгөтэй чадалтай, хотод орон байртай нь энд ирж илүү мэдээлэл авах гэж дайрдаг, үлдсэн хэсэг нь ам дамжсан ховоор асуудалд ханддаг байж таарахгүй биз дээ. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын одоогийн удирдлагууд анхан шатны сонгуулиас юундаа айна вэ. Сонгуульдаа ороод ялаад л гараад ир л дээ. Дараа нь хэлэх үгтэй шүү дээ.
-Танай намын байран дээр цугларсан хүмүүс таныг “Намынхаа дүрмийг зөрчсөн” гэдэг үндэслэлээр огцрохыг шаардаж байгаа юм биш үү. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ардчиллын хамгийн наад захын энгийн жишиг болох анхан шатны сонгуулиас айгаад аргаа барж байгаа Дархан-Уул аймгийн Ардчилсан намын одоогийн удирдлагууд суудлаа хадгалахын тулд төв нам дээр ирж намайг огцруулна гэж юу байхав дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн тохиролцоог дүрэм зөрчсөн үйлдэл гэх гээд байгаа юм. Хэрэв үнэхээр л тэгж үзсэн юм бол тохиролцоонд дэд дарга Г.Гантулга, С.Чинзориг нар нь оролцохгүй байж болох л байсан шүү дээ.
Хэн ч тэднийг шахаагүй. Бүгдээрээ хамтарч суугаад л ярьж хэлэлцээд шийдсэн. С.Чинзориг “Одоогийн намын удирдлагуудыг огцрох ёстой, намын хороог шинээр анхан шатны үүрээс нь зохион байгуулъя” гэж намын төв байран дээр маш олон удаа ирж, шахаж шаардаж байсан юм шүү.
Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдийн хүсэлт шахалтын дагуу дөрөвдүгээр сард хийсэн тохиролцоог дүрмийн дагуу байсан уу, үгүй юу гэдгийг аль нэг тал нь дүгнэх эрхгүй. Би ч гэсэн энэ хүмүүсийг дүрэм бус, хууль бус гээд хашгираад байвал яах юм бэ. Чухам ийм учраас маргалдагч талуудыг дундаа хүлээн зөвшөөрч баталсан дүрмээрээ ажиллаж чадаж уу гэдгийг тогтоох гэж шүүх засаглал оршдог юм шүү дээ.
Манай намын хувьд “дээд шүүх” маань Хяналтын ерөнхий хороо. Хяналтын ерөнхий хороо уг тохиролцоог дүрмийн дагуу болсон гэдгийг тогтоолоо. Тиймээс уриа, лоозонд бичсэн төдийхнөөр миний хийсэн ажил дүрмийн бус болчихгүй. Хэрвээ Хяналтын ерөнхий хороо хурлаараа тэр тохиролцоог дүрмийн бус байсан гэж тогтоосон бол би огцроход бэлэн байсан.
Би ардчиллын үнэт зүйлийн дагуу зөв гэж бодсон ажлаа үнэн зүрхнээсээ маш шаргуу хийдэг “том дутагдалтай” хүн. Залуугаасаа л урваач шарваач, худлаа ярьсан, худалдагдсан хүмүүсийг тэвчиж чаддаггүй, үгээ хатуухан хэлчихдэг зантай байсан. Орон нутгийн намын асуудлыг орон нутагт нь хэлэлцэж зөвшилцөж байх нь хамгийн зөв гэдэгт итгэдэг. Учир нь тэнд бүх хүн асуудалд тэгш оролцох боломж бүрддэг юм.
-Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Г.Гантулгыг та “дэд сайд болгоно” гэж хэлчихээд хэлснээсээ буцчихсанаас болоод ийм асуудал үүсээд байгаа юм биш үү?
Надад тийм албан тушаал амлах, ярих эрх байхгүй. Эрх байсан ч би тийм зүйл хийхгүй.
-Надад тийм албан тушаал амлах, ярих эрх байхгүй. Эрх байсан ч би тийм зүйл хийхгүй. Улс төрийн намд улс орны хөгжлийн дүр зургийг судалгаа тооцоон дээр үндэслэн боловсруулан гаргаж түүнийгээ хэнээр хэрхэн гүйцэлдүүлэх вэ гэсэн хүний нөөцийн бодлого гэж байх ёстой. Ингэж бэлтгэгдсэн хүн нь хэд ч байж болно.
Сансарт нисэхэд хоёр хүн бэлтгэж байгаад Ж.Гүррагчааг нь нисгэдэг шиг л юм шүү дээ. Тэгээд сонгогдож чадаагүй нь дараагийн боломжиндоо өөрийгөө бэлтгээд, хамтдаа хөгжөөд явдаг болохоос би заавал бэлтгэгдсэн суудалдаа очно гэж улайрдаггүй. Ийм улайрлын гай л төрийг “томруулж” байгаа шүү дээ. Г.Гантулга УИХ-ын сонгуульд намаа ялагдалд хүргэснийхээ төлөө хариуцлага хүлээхээ л бодох ёстой. Дархан-Уул аймаг шиг “хөх” аймгаас сонгогдож чадахгүй байна гэдэг гишүүд дэмжигчидтэйгээ огт ажилладаггүйн тод жишээ.
Тиймээс л анхан шатны үүрээс сонгууль явуулъя гэхээр айж эмээж, сүүлчийн амь тавих алхмаа хийж, ямар ч утгагүй туг, лоозон барин хотод ирж “хорогдох байр” хайж байгааг нь хараад өрөвдөж байна. Тийм л сүрхий юм бол Дархандаа, гишүүд дэмжигчдийнхээ өмнө очоод энэ уриа лоозонгоо бариад суу л даа. Тэднээс зугатаж, хотод ирж хоргодох байр хайх хэрэг юу байна.
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа цагдаагийн газарт явуулсан хүсэлтийг тань дэлгэж нэлээд шуугиан тарилаа. Энэ ямар учиртай хүсэлт юм бэ. Д.Хаянхярваа гишүүн түүнийг яаж олсон юм бол?
-Дархан-Уул аймгийн Ардчилсан намын одоогийн удирдлагууд дөрөвдүгээр сард хийсэн тохиролцоог Хяналтын ерөнхий хороогоор авч хэлэлцээгүй байхад тохиролцоог эвдэх зорилготой олон алхмыг шат дараалан хийж эхэлсэн л дээ.
Тохиролцоонд оролцсон залуусыг нэг нэгээр нь гаргах оролдлого хийсэн. Үүний нэг тод жишээ нь нэгийг нь даргаас нь болиулж, нөгөөг нь намаас хөөж, нэгийг нь дахин дахин дуудаж дарамталсан байгаа юм. Тиймээс би дөрөвдүгээр сард хийсэн тохиролцооныхоо үеэр ширээний ард ярьж байсан зүйлийг нь сануулах зорилгоор “Намын хороо чинь эрх зүйн чадамжгүй шүү” гэсэн мэдэгдэл гаргасан юм.
Нам гээгүй шүү. Намын хороо гэснийг энд тодотгох нь зүйтэй байх. Энэ бол маш ялгаатай ойлголт . Тэр ч үүднээс мэдэгдлээ баталгаажуулах зорилгоор цагдаагийн газарт тамгыг хүчингүй болгох асуудлаар бичиг явуулсан юм.
Энэ бичиг харин нийслэлийн цагдаагийн газраас яагаад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн гарт очсоныг сайн мэдэхгүй байна. Би ЦЕГ-т хандаж, үүнийг шалгаж тодруулж өгөх хүсэлт гаргасан байгаа. Хариу нь одоогоор ирээгүй байна. Ер нь энэ бол нууцлаад байх бичиг биш л дээ. Гагцхүү байгууллагын дотоод асуудалд холбоотой бичиг яагаад энд, тэнд явж байгаад нь л тайлбар хүссэн юм.
-Ер нь Ардчилсан намынхан Засгийн эрх барьж байхдаа ч тэр сөрөг хүчин байхдаа ч тэр байнга л хэрүүлтэй байх юм. Одоо энэ байдал улам гаарч байх шиг байна?
-Дотоод шүүмжлэлтэй, ардчилалтай байж байж л нам эрүүл саруул, урт удаан оршин тогтноно. Эсэргээрээ 1990 оноос хойш байгуулагдсан “нэг хүний” буюу нэг мөнгөтэй хүн байгуулж удирдаад, бусдыгаа дуугүй байлгадаг намууд одоо бүгд л бараг байхгүй болсон байгаа биз дээ.
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Танай нам ч ийм байр суурьтай байгаа юм билээ. Үүнийг Р.Амаржаргал гишүүнийг хүндэтгэхгүй байгаагийн илрэл гэх юм?
-УИХ-ын Р.Амаржаргал эхлээд төлөөлж байгаа сонгогчдоо, өмнөөсөө нэр дэвшүүлсэн намаа хүндэтгэх ёстой биш үү. Тэр Р.Амаржаргал гэдэг иргэн байхаа хэдийнэ больсон шүү дээ. УИХ-ын гишүүнийг хэрэг түвэгт холбогдоход нь жирийн иргэнээс илүү давуу эрхтэйгээр авч үзэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг УИХ хэлэлцээд асуудал үүсдэг биз дээ.
Гэтэл хэдэн зуун мянган сонгогчийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад шийдвэр гаргалцах үүрэг хүлээснийг нь сануулахаар яагаад иргэн хүнтэй ижилхэн эрхтэй болчихдог юм. Ямбыг нь эдэлбэл, ялыг нь ч бас үүрэх ёстой гэсэн үг байдаг байх аа.
-Танай намын нарийн бичгийн дарга нар саяхан УИХ-ын гишүүн асан А.Муратаар ахлуулсан жигүүрийнхэнтэйгээ зангиагүй уулзалт хийсэн гэсэн. Энэ уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн юм бэ. Жигүүрийнхэнд албан тушаал амласан гэсэн утгатай яриа хүртэл гарчихсан байна билээ?
-Бид зангиагүй уулзалт хийгээгүй. Ажлын хэсгийн хуралдаан хийсэн юм. Уг ажлын хэсэг нь Үндэсний зөвлөлдөх хороо хуралдсан тохиолдолд хэлэлцүүлэх хэд хэдэн журмын төслийг боловсруулах үүрэг хүлээсэн байсан. Үүрэгт ажлаа л хийсэн шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.