Ц.Оюундарь эсэргүүцэгчдээ зохицуулахаар Дарханыг зорьжээ
Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өмнө нь хоёр ч удаа тус аймагт очиж ажиллаж, намын гишүүдтэйгээ уулзсан. Тэрээр өчигдөр дахиад явжээ.
Учир нь Дархан-Уул аймгийн Ардчилсан намын удирдлагууд уржигдар хэвлэлийнхэнд хандаж, аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн байгуулснаа олон нийтэд мэдэгдсэн.
Уг хөдөлгөөнийхөн намаа шинэчлэхийн тулд анхан шатны үүрүүдэд Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд шударга сонгууль явуулж шийдвэрлэхийг хүссэн.
Дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс хойш тус намд болсон бүх зүйл хүчингүй. Тиймээс анхан шатандаа хурлаа хийж, намынхаа даргыг сонгох ёстой
Тодруулбал, энэ сарын 18-нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг Ардчилсан намын удирдлагуудаас хүсч байгаа гэнэ. Хэрэв үүнийг хэрэгжүүлэхгүй бол тэд улс төрийн суулт зарлана гэдгээ мэдэгдсэн.
Хяналтын ерөнхий хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын хорооны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ний өдрөөс хойш гарсан бүх шийдвэрүүдийг хүчингүйд тооцсон юм.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймгийн АН-ын гишүүдтэй өмнө нь уулзах үеэрээ “Хяналтын хороо хуралдаж тогтоол гаргасан. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс хойш тус намд болсон бүх зүйл хүчингүй. Тиймээс анхан шатандаа хурлаа хийж, намынхаа даргыг сонгох ёстой” гэсэн юм.
Эл хуралдаанд хоёр тал болон хуваагдаад буй Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Д.Баянмөнх, тус намын экс дарга Б.Мягмардаш нар оролцож байр сууриа илэрхийлжээ.
Түүнчлэн анхан шатныхаа хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн нэгдсэн байр суурьт хүрсэн гэх мэдээлэл бий.