Ц.Оюундарь: Ардчилсан нам ард иргэдтэй хэлэлцэхийг чухалчилна
Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Улс төрийн намуудын тухай хууль яригдаж байна. Энэ хуульд ардчилсан нам ямар байр суурь барьж байна вэ?
- 2005 онд батлагдсан улс төрийн намуудын хууль өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхээ больсон. Наад зах нь бүх шатны сонгуулийн тухай хуулиуд өөрчлөгдөж, иргэд өөрсдийгөө төлөөлж УИХ болон бүх шатны ИХ-д сонгох хүнээ дан мажоритар системээр сонгодог байсан нь улирч, дэмжиж байгаа намынхаа төлөө мөн санал өгдөг холимог системтэй болсон.
Энэ нь олон түмэнд танигдсан бөх, дуучин, яруу найрагч, уяач г.м хүмүүсийг сонгочих гээд байдаг байсан гаж гэмээр тогтолцооноос улс орны хөгжлийн тухай тодорхой дэвшүүлсэн хөтөлбөртэй багт буюу улс төрийн намд итгэл үзүүлдэг тогтолцоо руу сонгуулийн хуулиараа дамжуулан бид шилжилт хийсэн гэсэн үг. Үүнтэй уялдуулаад улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа.
Улс орны хөгжлийн дүр зургийг гаргаж байгаа нам түүнийгээ судалгаа тооцоон дээн үндэслэн боловсруулдаг ThinkThank буюу бодлогын зөвлөлтэй байхаас өгсүүлээд, түүнийг гүйцэлдүүлж чадах хүний нөөцийн санг бүрдүүлэх, тэднийг үе шаттайгаар сонгож бэлтгэх, үүний тулд санхүүгийн боломжит эх үүсвэртэй байх зэрэг шаардлагууд намын дотор урган гарч ирж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн улс төрийн намуудын шинэчлэлд ус агаар шиг хэрэгтэй байгаа бутцийн, хүний нөөцийн, санхүүжилтийн гэсэн гурван суурь өөрчлөлтийг хийхгүйгээр ямар ч намд шинэчлэл гэдэг үг хоосон яриа болоод өнгөрнө.
Сүүлийн үед авилгын талаар маш их ярьж байгаа. Гэтэл авилгын нэг том шалтгаан сэжүүр намын санхүүжилттэй очиж холбогддог гэдгийг улс төрд байгаа бараг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. МАН-ын саяхан болсон Их хурал дээр ч олон жил ужгирсан хөрөнгө мөнгө, авилга, хээл хахуультай нэр холбогдсон улсууд намын нэр хүндийг унагасан нь ялагдлын нэг том шалтгаан байсан гэж дүгнэсэн шүү дээ.
Тэгэхээр одоогийн байгаа гаж тогтолцоо энэ хэвээр үргэлжилбэл МАН-ын хурлын дээрх дүгнэлт эрх барьж байгаа манай намд ч мөн удахгүй халдана. Яагаад гэвэл улс төрийн намын санхүүжилтийн тогтолцооны гажиг, томорсон төрийн тоогүй олон дарга нарын гарын үсгээр асуудлыг шийддэг тогтолцоотой нийлэхээрээ тэнд очсон албан тушаалтнуудыг эрх ашгийн зөрчилд оруулж, гарын үсгээ “үнэд хүргэх”-ийн төлөө уралдацгааж, хүний гар, хармаа руу өнгийдөг болж эхэлнэ.
Иймд өнөөдөр улс төрийн намууд суурь хуулиа хамтдаа өөрчилж, ужгирсан тогтолцоогоо үндсээр нь шинэчлэхийн төлөө хамтын зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна.
Иймд өнөөдөр улс төрийн намууд суурь хуулиа хамтдаа өөрчилж, ужгирсан тогтолцоогоо үндсээр нь шинэчлэхийн төлөө хамтын зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна. Дараагийн нэг асуудал нь улс төрийн намуудын хуулийн гажигийг гишүүнчлэлтэй холбож тайлбарлаад байгаа. “Улс төржилт, намын ялгаварал хэрээс хэтэрлээ, хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоё” гэсэн хандлага нийгэмд хүчтэй яригдсаар байна.
Миний бодлоор бол асуудал гишүүнчлэлд байгаа юм биш, харин түүнийг бүртгэдэг системд оршиж байгаа юм. Хатуу гишүүнчлэлийн цаана хатуу татвар авдаг тогтолцоо оршиж байдаг юм шүү дээ. Нэг талаас энэ нь намыг их мөнгө хандивласан цөөн мөнгөтэй хүний савраас гаргаж, олон гишүүнээс авсан бага хэмжээний татвараар намыг эрүүл хэлбэрээр санхүүжүүлэх зөв тогтолцоо юм. Даанч өнөөдөр намуудад татвар цуглуулах нэгдсэн тогтолцоо байхгүй учраас гишүүнчлэл нь зөвхөн тооны төлөөх өнгөн талын уралдаан болж хувирсан байдаг.
Иймд намын гишүүнчлэлийн бүртгэл болон татварыг хөндлөнгийн байгууллага буюу СЕХ хийдэг байвал жинхэнэ шударга зөв болно. Жил бүр иргэд ямар намыг дэмжиж буйгаа сонгуулийн байгууллагад бүртгүүлж, татвараа аль намд өгч байгаагаа тодорхойлон нэгдсэн санд хураалгаад, түүнийг нь оногдох хуваариар нь СЕХ намуудад ил тод өгдөг болчихвол улс төрийн намуудын санхүүжилт бүрэн утгаараа “шилэн” болно.
Манай намд жишээ нь 300.000 хүн гишүүнээр бүртгүүлж, бодлого үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахыг маань дэмжиж сар бүр 1000 төгрөг, эсвэл жилд 12.000 төгрөгийн татвар төллөө гэвэл СЕХ түүнийг нь бүртгэж аваад манай намд оногдох 300.000 гишүүний 3,6 тэрбум төгрөгийн татварыг шилжүүлж өгнө.
Манай нам нэгэнт 3,6 тэрбум төгрөг авсан нь нийтэд ил болсон учраас түүнийгээ ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулснаа эргээд сонгуулийн байгууллагад болон гишүүддээ тайлагнах үүрэгтэй болно гэсэн үг. Ийм хөндлөнгийн бүртгэлийн аргаар намын гишүүнчлэл, санхүүжилтийн ил тод байдлыг бий болгох гарц байна гэдгийг Ардчилсан нам дотроо ярилцаж, шинэчлэлийг энэ чиглэл рүү хандуулах байр суурин дээр нэгдэж байгаа.
- Нам доторх фракциуд сонгуулийн үеэр их хэмжээний хандив мөнгө өгдгөөс болоод албан тушаалын өрсөлдөөн үүсдэг гэсэн хардлага бий. Мөнгөтэй нэг нь албан тушаалд очих биш чадвараараа гардаг байх зарчим дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?
- Одоогийн хууль эрх зүйн тогтолцоо намуудыг байнгын санхүүгийн гачигдалд байлгаж байна. Намын санхүүжилтийн дийлэнх хувийг өнөөдөр хандиваар бүрдүүлж байгаа нь ч нууц биш. Уг нь бол нам дотор үзэл бодлоороо нэгдсэн фракц байх нь эрүүл үзэгдэл. Манай намын хувьд баруун төвийн үзэл дээр суурилагдсан ч, ардчиллын төлөөх олон намууд анх нийлж нэгдэхэд нийгмийн хөгжлийн талаарх өөр өөр концевцитэй бүлэглэлүүд өөрийн эрхгүй ялгаран гарч ирснээр фракциуд үүсч байсан.
Ажил мэргэжлийн хувьд ч ойролцоо хүмүүс нэгдэж фракц болох нь эрүүл үзэгдэл. Ер нь бол бүгд ганцхан даргын үгийг сонсож, ганц тушаалаар хөдөлдөг нам гэж угаасаа байхгүй. Тэгэхээр манай нам элдэв фракцгүй, эв нэгдэлтэй нам гэж ярьж байгаа нам л харин жинхэнэ “Но”-той нам болох байх.
- Ялсан намын дарга автоматаар засгийн эрхийг барьдаг гэдгийг шүүмжлэх хүмүүс бас байдаг. Үүнд таны бодол юу байна?
- Энэ бол манай намын дүрэмд байдаг зүйл. Намаа удирдаж сонгуульд ороод ялсан бол тэр намын дарга дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө өөрөө удирдаад хэрэгжүүл, биелэхгүй юм амласан бол хариуцлагаа өөрөө хүлээ, боломжийн сайн ажиллаад сонгогчдын итгэлийг хүлээвэл дахиад сонгогд, дахиад ажлаа тогтвортой үргэлжлүүл, тэгээд урт удаан хугацааны хөгжлийн хөтөлбөрөө аймаг, сум, хот, улсдаа ажил болго гэсэн логик цаана нь оршиж байгаа юм. Энэ нь аль ч талаасаа зөв, бодлогын чанартай ойлголт.
- Ардчилсан намын хувьд засгийн эрх бариад нэг жил болж байна. Энэ хугацаанд шинэчлэлийн засгийн газар гэдэг онцлогтой үйл ажиллагаагаа явуулсан. Хийж бүтээсэн зүйлээсээ хуваалцахгүй юу?
Хамгийн тэргүүнд эдийн засгийн энэ огцом хүндрэл нь хүмүүсийн өргөн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүний үнэд огцом нөлөөлөхгүй байх арга хэмжээг Монгол банктай хамтран авч, үнэ тогтворжуулах хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
-Засгийн газар гараагаа төсөв хүндрэлтэй, орлого тасалдсан нөхцөлд эхэлсэн. Үүнд олон шалтгаан байгаа ч том хоёр шалтгааныг дурьдвал; нэгд, дэлхийн зах зээл дээрх экспортын бүтээгдэхүүний үнэ буурчихсан, хоёрт, түрүүчийн засгийн газрын тавьсан өрийг манай гол хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг компаниуд төлөөд эхэлчихсэн ийм үе байсан. Үүнээс болоод орлогын эх үүсвэр тасалдаж шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагаанд чөдөр тушаа болж эхэлсэн. Энэ байдлыг засгийн газар зүгээр хараад суугаагүй.
Хамгийн тэргүүнд эдийн засгийн энэ огцом хүндрэл нь хүмүүсийн өргөн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүний үнэд огцом нөлөөлөхгүй байх арга хэмжээг Монгол банктай хамтран авч, үнэ тогтворжуулах хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тийм ч учраас дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ огцом унасан шиг хүнсний бүтээгдэхүүний үнэд тэр хэмжээний огцом өсөлт мэдрэгдээгүй өнгөрсөн шүү дээ.
Мөн төсвийн орлогын тасалдлаас үл шалтгаалан бүтээн байгуулалт хийх хөрөнгийн өөр эх үүсвэрийг эрэлхийлж, дэлхийн зах зээл дээр засгийн газрын бондыг амжилттай арилжаалж, хүссэн эх үүсвэрээ бүрдүүлж чадлаа. Энэ нь 8%-ийн зээл, барилгын салбарын өсөлтөд том түлхэц болсон үр дүнтэй ажил гэж үзэж байгаа.
- Нүдэнд харагдахуйц дэд бүтцийн ажлууд бол хийгдсэн. Үүнтэй холбоотой улс орны хөгжлийн талаар ярилцья. Улс орны хөгжил дэх засаглалын оролцоо, засаглалыг сайжруулахад ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
- Манай засаглалын тогтолцоо одоо дөнгөж 20 гаран настай шинэ тогтолцоо. 1992 онд Шинэ үндсэн хууль батлагдсанаар засаглалын цоо шинэ институциуд бий болон төлөвшиж эхэлсэн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд салж, засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийгдэж, олон намын тогтолцоо хуульчлагдсан. Гэвч Үндсэн хуулиар бий болгосон энэ институциудын төлөвших явц, тэдгээрийн үйл ажиллагааг журамлаж, дүрэмчилэх, тогтсон стандарттай болгох зэрэгт хугацаа, дэс дараалал хэрэгтэй.
Алхам алхамаар хийгдэж байх хооронд алдаа гажиг байнга илэрч байдаг. Үүнийг өнгөрсөн хугацаанд МАН голлон эрх барьж байх үедээ өөрийн намын дээрээс доошоо үүрэгддэг хуучин коммунист аргаараа зангидаад, гадагш ил гаргахгүйгээр аваад явдаг байсан нь одоо либерал дүрэмтэй ардчилсан нам эрх бариад ирэхээр улам ил тод болж байна л даа.
Тухайлбал урд нь тендерт хамгийн бага үнэ хэлсэн нь ялдаг буруу тогтолцооны улмаас компаниуд угаасаа бүтэн байшин барих боломжгүй үнийг зөвхөн ялах зорилгоор санал болгоод, түүнийгээ дараа дараа жилийн төсөвт нэмж суулган он дамжуулаад, тэгэх тоолондоо шийдвэр гаргагчдыг лоббидож авилга өгөөд, уг барилгын анхны төсөвт өртгийг хэдэн арван хувиар өсгөөд явдаг байсан байгаа юм.
Энэ алдаатай тогтолцоо урьд нь огт яригддаггүй байсны шалтгаан нь шат шатанд авдаг тэр лобби болон авилгын мөнгөний тодорхой хувь нь МАН-ын санхүүжилт болон хийгддэг байснаас үүнийг ил ярьдаггүй, намын дотоод “нууц” үүрэг даалгавраар хийгээд явдаг байж уу гэсэн логик дүгнэлт өөрийн эрхгүй гарч ирээд байгаа юм. Иймд манай намын хувьд нуугдмал байсан энэ гажгийг шат шатанд нь илрүүлэн оношилж байж цаашдаа хэрхэх арга замаа ярья гэсэн байр сууринаас энэ жилийн төсөвт нэлээд тооны “авилгажсан балгасууд”-ыг царцааж, оношилгоонд оруулахаар шийдвэрлэсэн.
- Манай улсын тулгамдаж байгаа салбар юу байна. Эмнэлгийн байгууллага хэцүү, эмч нарт үзүүлэх хүсэлгүй иргэд олширч байна. Дэд бүтэцгүйгээс хөгжил явахгүй байна гэх мэт салбар бүрт янз янзын асуудал байна. Нэн тэргүүний авч хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай салбар юу байна?
- Томоохон суурь бүтээн байгуулалт хамгийн тулгамдсан асуудал. Өнөөдөр утаа, эрүүл мэндийн асуудал нь суурь бүтэц байхгүйгээс голлон шалтгаалж байгаа. Яагаад хотын иргэд шууд түүхий нүүрсийг гэртээ түлж байна вэ? Учир нь тэнд дэд бүтэц, дулааны шугам сүлжээ байхгүй байна. Угаасаа суурь бүтцийг нь бий болгож байж л суурь асуудлууд шийдэгдэнэ.
Суурь бүтцийг шийдээгүйгээс жишээ нь утаа, агаарын бохирдол хэрээс хэтэрч, урд нь эрүүл байдаг байсан хүмүүс өвчлөх нь ихэссэн. Ингээд ирэхээр нэг эмчид ноогдох хүний тоо тэр тоолонгоор нэмэгдэж, ачаалалтай, бага цалинтай эмч нарын үйлчилгээний чанар доголдож эхэлнэ гэх мэт.
Иймд эхлээд өвчлүүлэхгүй байх талаас нь анхаарвал агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй, агаарыг бохирдуулаад байгаа эх үүсвэрийг өөрчлөх хэрэгтэй, тэр нь нүүдэл, орон нутгийн хөгжил, хот хөдөөгийн ялгаа гээд явж явж дэд бүтэц дээр тулж ирж байгаа юм. Иймд төр олон жижиг асуудалд хутгалддагаа болиод, олон үүрэг функциэ хувийн хэвшлийнхэн хийгээд бусад төрийн бус байгууллагууд руу шилжүүлж, өөрийн үндсэн анхаарах гол асуудал болох дэд бүтэц, төлөвлөлтдөө хамаг цаг, хөрөнгө, бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой.
- Сүүлийн жилүүдэд иргэдийн үзэл бодол өөрчлөгдөж хүний хөгжил гэж гар дээр бэлэн мөнгө тараахыг эсэргүүцэж байна. Ардчилсан намын хувьд хүний хөгжилд хэрхэн анхаарах вэ?
Бид хүний хөгжил гэдгийг сар бүр тараадаг хэдэн төгрөг гэж харахгүй байгаа.
-Бэлэн мөнгө тараах нь угаасаа буруу. Сонгуульд ялах гэж уралдаж мөнгө амладаг байсан түрүү түрүүний сонгуулийн хуулийн гажиг улсын эдийн засгийг ихээхэн сульдуудсан муу жишгийг өнгөрсөн сонгуулийн “хатуу” хуулиар хааж өгсөн нь түрүүчийн Их хурлын хийсэн том гавъяа гэж би боддог.
Мөнгө тараадаг, нийгэмд биелэгдэшгүй амлалт өгдөг байдлыг халж мөрийн хөтөлбөрөө заавал аудитаар хянуулж бүтэшгүй мөнгөний амлалтуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулахгүй байх хаалтыг хийж чадсан. Сонгуулийн хууль зөв болоод ирэхээр популист амлалтууд зогсоод, эдийн засгийг туйлдуулдаг өр зээл зогсчихсон. Энэн шиг хаанаа учиг нь байна гэдгийг олж тогтоогоод, зөв чиглэл рүү нь засаад явбал болдог юм байна гэдгийг 2011 онд баталсан сонгуулийн хууль харуулсан.
Өөрийн чинь асуусан асуултын тухайд гэвэл манай намын мөрийн хөтөлбөр өөрөө хүний хөгжлийг үндсэн концевцио болгосон “Монгол Хүн-2020” нэртэй хөтөлбөр шүү дээ. Бид хүний хөгжил гэдгийг сар бүр тараадаг хэдэн төгрөг гэж харахгүй байгаа. Эрх барих хугацаандаа хүний хөгжлийн үндсэн суурь нь болох амьдрах орчин, зам, барилга, дэд бүтцийг нь сайжруулснаар эрүүл, аюулгүй орчинтой, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, хамгийн гол нь ажилтай, орлоготой монгол хүний хөгжлийн цогц бодлогыг бүрэн хэрэгжүүлэх эх үндсийг нь тавихын төлөө бид хичээн ажиллаж байна.
- Иргэдийн зүгээс Монголд гадаадын зээл тусламж маш ихээр орж ирдэг. Үүнээс үүдэн хөрөнгө, хөрс шороо гадаадын мэдэлд шилжээд байна уу гэсэн хардлага их байдаг. Засгийн эрх барьж байгаа намын хувьд үүн дээр ямар хариулт өгөх вэ?
- Бид ердөө 24-хөн жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан. Хүмүүс бизнес хийж үзээгүй, бизнесийн анхны мэдэгдэхүүн байхгүй, бизнесийн наад захын хууль, зарчмын тухай төсөөлөлгүй байсан. Өнгөрсөн 24 жилд энэ талын мэдээлэл мэдлэг олгох ажиллагаа огт хийгдээгүй. Иргэдийн цөөн хэсэг нь хар зөнгөөрөө наймаа арилжаа хийж, амьдрал практик дээр энэ төрлийн мэдлэгийг олж эзэмшиж байна.
Гадаад дотоодод онолын мэдлэг эзэмшиж ирсэн нь бас цөөн хэвээр байна. Ийм мэдлэг дутмаг нийгэм бизнесийн хамгийн наад захын энгийн үйл ажиллагаа болох “зээл”-ийг “өр” гэж үзээд, хий хардаад, айгаад эхэлдэг. Уг нь бол зээл авахгүйгээр бизнес хийдэг ямар ч улс үндэстэн, компанийн түүх дэлхийд байхгүй шүү дээ. Яагаад банк, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн бирж гэж байдаг юм? Тэд чинь “зээл”-ээр хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтыг хөхүүлэн дэмжих гэж л оршин байдаг юм шүү дээ.
Тийм ч учраас бизнесийн харилцаанд оролцогч аль ч тал “зээл”-ийг “өр” гэхээсээ илүү “боломж” гэж хардаг. Хямд хүүтэй зээл олдвол тэр нь асар том баялаг. Үүнийг хурдан эргэлдүүлж ашиг хийх нь бизнесийн ч, улсын ч ашиг сонирхол. Тиймээс гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хэн сайн оруулж ирнэ тэр хэрээр улс хурдан хөгждөг. Хятадын Шанхай бүс гэхэд ердөө 15 жилийн дотор л асар хурдтай хөгжсөн нь гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй оруулсантай холбоотой.
Тэглээ гээд газар шороо нь нүүгээгүй. Тэр газар дээр барьсан, босгосон бүхэн тэндээ л үлддэг. Гадаадын компаниуд Монголын газар шороог нүүлгээд авч явахгүй. Бүтээн байгуулалт хийж бизнесээ хийгээд, хөрөнгө оруулалтын ашгаа олж авсан л бол дараагийн “боломж”-оо хайгаад гараад явдаг. Жишээ нь “Сонгдо” эмнэлэг л гэхэд анх Солонгосчуудын бараг зуун хувийн хөрөнгө оруулалтаар баригдаад, монголд эмнэлгийн үйлчилгээний цоо шинэ техник технологи чанар стандартыг бий болгож өгөөд, хөрөнгө оруулагчид нь ашгаа хийж дуусангуутаа зарчихаад л гараад явчихсан шүү дээ.
Тэдний хувьд бизнесийн зарчмаар оруулсан хөрөнгийнхөө ашгийг олж авах нь л чухал болохоос, түүнийг эзэгнээд суух сонирхол тэр бүр байдаггүй. Энэ энгийн зарчмыг ойлгохгүйгээс хий хардалтад иргэд автаад байна уу даа гэж боддог. Чингис бондын хувьд маш бага хүүтэй сайн хөрөнгө оруулалтын зээл. Үүнийг “өр” мөн үү бишүү гэж маргаж байхын оронд энэ таатай “боломж”-ийг хурдан үр дүнтэй ашиглаад хийсэн бүтээсэн юмтай үлдэхийг л хичээх хэрэгтэй байна.
-2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр эдийн засгийн хувьд маш ач тустай болсон. Ардчилсан намын цаашдын зорилго ирээдүйн хараа юу байна вэ?
- “Монгол хүн 2020” хөтөлбөр яагаад сайн болсон гэхээр хоёр жилийн хугацаанд ард нийтээс санал авч байж боловсруулсантай холбоотой. Асуудал, бэрхшээлийг сонсож, олуулаа хэлэлцэж хийсэн учир оновчтой болсон. Үүн шиг дараа дараагийн бүх хөтөлбөр, төсөөллөө Ардчилсан нам ард иргэдтэйгээ хэлэлцэж ярилцаж байж гаргах болно. Хотын захирагч Э.Бат-Үүл гэхэд өнөөдөр төсвөөсөө эхлээд бүхий л асуудалдаа иргэдийн саналыг авдаг соёл тогтоочихлоо шүү дээ.
Засгийн газрын хувьд эхний хийсэн ажил нь л гэхэд хийж буй ажлаа иргэдээр үнэлүүлэх 1111 нээлттэй төвийг бий болгосон явдал байлаа. Би энд 1111 төвтэй холбоотой нэг жишээ ярья. Саяхан би Германд ажлаар явж байгаад тэнд амьдардаг нэг найз хүүхнээсээ энэ жишээг сонссон юм. Яармагт амьдардаг түүний ээж нэг удаа 1111 төв рүү утасдаж, гэрийнх нь ойролцоох дутуу баригдсан барилга хэрхэн хогийн үүр уурхай болж, орчин тойрных нь үзэмжид сөргөөр нөлөөлж байгааг мэдэгдсэн байгаа юм.
Гэтэл ердөө гурав хоногийн дотор хогны машин ирж хамаг хогийг нь ачаад, бүрэн цэвэрлэгээ хийснээр үл барам түүнээс хойш байнга ирж хогийг нь ачдаг болжээ. Хамгийн сонирхолтой нь 1111 төвөөс найз хүүхний маань ээж рүү эргэж утасдаад, гомдлыг нь хэрхэн шийдвэрлэснээ тайлагнасанд ээж нь тун их гайхаж, баярласан тухайгаа Германд амьдардаг охиндоо сонин болгон хуучилсан байгаа юм. Энэ бол жижиг гэхгүй том жишээ. Засаг төрийн албан хаагчид амьдралын энэ олон салаа мөчрийн алинд ч тэр бүр хүрч амждаггүй.
Иймд иргэд өөрсдөө санаачилгатай идэвхитэй байж, болохгүй бүтэхгүй сайжруулчихаж болохоор зүйлээ мэдээлээд ярилцаад байвал бид хамтраад эргэн тойрноо, хот хороогоо, улмаар улс орноо засаж цэвэрлээд, хөгжүүлээд аваад явах боломжийг бүрдүүлнэ. Сонгуулийн өмнөх хөтөлбөрөө хийх гэж иргэдтэйгээ хамтран ярилцаж байсан шигээ Ардчилсан нам түүнийг хэрэгжүүлэхдээ ч мөн иргэдийнхээ оролцоог чухалчилж, тэдэнтэйгээ байнга харилцан хэлэлцэж байх болно.