2022.11.25
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг танилцууллаа.
Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажлыг хугацаанд баригдалгүй, оновчтой, нэгдсэн төлөвлөлт, бүртгэлтэйгээр зохион байгуулж, улмаар өмчилсний дараа газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалт, насанд хүрээгүй иргэний өмчийн газрыг түүний хууль ёсны төлөөлөгч нь захиран зарцуулах, барьцаалах зэргээр өмчийн эрхэд нь халдаж байгааг хязгаарлах, мөн газрын улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн уялдааг сайжруулах, асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг Засгийн газраас баталсаны дараа уг төлөвлөгөөг үндэслэн аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжлийн төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргадаг байх, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний бүсчлэлийн шаардлага, дүрэмд нийцүүлэн өмчийн газар дээрээ жижиг үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх зохицуулалт шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn