Газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа
2018.04.26

Газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай БОХХААБХ-ны хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. 

Байнгын хороо 4 сарын 18-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва гишүүн нар асуулт асуусан. Харин санал дүгнэлт гараагүй учир анхны хэлэлүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан нь олонхийн дэмжлэгийг авсан байна.

УИХ-ын гишүүн асуулт асууж, хариулт авч дууссаны дараа анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооноос гаргасан саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.