Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2022.12.08

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.08\ нэгдсэн хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцуулав. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа. 

Улсын Их Хурлаас Геодези, зураг зүйн тухай хуулийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 бүлэг, 15 зүйлтэйгээр баталсан бөгөөд геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой аж. Тус хууль анх батлагдсанаас хойших хугацаанд нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Геодези, зураг зүйн салбар нь улсын хилийг тодотгон тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээ, газрын гадаргын бодит байдал болон түүн дээрх объектуудыг геодезийн өндөр нарийвчлал бүхий хэмжил зүйгээр орон зайн харилцан байршлаар хэмжин зураглаж, байрлалд суурилсан орон зайн болон газрын зургийн тоон мэдээллээр батлан хамгаалах, газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот байгуулалт, барилга, эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаанд ашиглагдах бүтээн байгуулалтын төлөвлөлтийн суурь мэдээллийг бүрдүүлдэг, улс орны батлан хамгаалах аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөгжлийн суурь салбар юм.

Геодези, зураг зүйн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэл, тооцоотойгоор хийгддэг нарийн мэргэжлийн үйл ажиллагаа учраас шинэ техник, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн институцийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн өөрчлөлт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэлтийг тусгах болон уг хуульд олон удаагийн нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсээд байна.