2018.04.26

Д.Оюунхорол: Иргэд дэд бүтэцтэй, суурьшлын бүсэд газар авах сонирхолтой байна

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Хэрэгжилтийн явцад удаашралтай асуудал байгаа. Иргэд яагаад газраа авч чадахгүй байгаа асуудлыг судлах хэрэгтэй. Иргэд газар авах сонирхолтой, газар олдохгүй байна гэж байгаа. Иргэд суурьшлын бүс, дэд бүтэц шийдэгдсэн газар сонирхож байгаа. Хамтын шийдвэрээр дагуул хотын асуудлаа шийдэх хэрэгтэй. Зоригтой алхам хийх хэрэгтэй. Нийслэл хотын ойролцоо дагуул хотын асуудлаа шийдэх цаг болсон. Ингэснээр иргэдэд хүртээмжтэй, олон асуудлыг хамтаар шийдэх боломж бүрдэнэ. Туул голын ай саваар газар олгогдсон. Жил бүр улстөржүүлж ярьдаг. Миний хувьд сайд байхдаа зоригтой шийдвэрийг гаргаж байсан.Суурьшлын бүс уруу ороод газар ухаж байсан, энэ асуудлыг газар дээр нь зогсоох,үйл ажиллагаа явуулж байсан.Тухай үед маш их шийдвэр гарсан одоо болтол хэрэгжээгүй. Энэ асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй. Цуцалсан шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр анхаараач ээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа:

Цаашдаа суурьшлын бүсэд газар олгохдоо төлөвлөгөөтэй хийх шаардлагатай. Дагуул хотын асуудал чухал. Нийслэлийн асуудлыг ярвал дуусахгүй.Зоригтой нийслэлийн зарим байгууллагыг шилжүүлэхэд буруу зүйл байхгүй. Хотын төлөвлөгдөөгүй газар асуудлыг шийдэх хэрэгтэй. Хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжгүй. Харин Засгийн газрын хувьд ярьж, шийдэх асуудал их байна.