Ж.Ганбаатар гишүүн гадны банк оруулж ирэх дээр Монголбанкны Ерөнхийлөгчийн байр суурийг асуулаа
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэд хэдэн асуултад хариулт авч мөн ажлын хэсэг хуулийн төсөл дээр сайн ажиллаасан, сайн хууль гарч байгаа. Харин хэрэгжүүлэх дээр төв банк сайтар ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Та гадны банк оруулж ирэх дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Би Б.Бат-Эрдэнэ болон Ж.Мөнхбат гишүүнтэй санал нэг байна. Хууль батлагдсанаар хамгийн гол үр дүн бол Төв банкнаас арилжааны банкуудад тавих хариуцлага, хяналт сайжирна, иргэдийн банканд итгэх итгэл, монгол төгрөгийн үнэ цэнэ өснө гэж ойлгосон. Энэ зөв үү? Монголбанкны Ерөнхийлөгчөөс энэ асуултыг асуумаар байна. Та заавал хариулаарай.
Үүнийг би яагаад дахин дахин асуугаад байна вэ гэхээр өчигдрийн Байнгын хорооны хуралдаан дээр “Монгол банк хуулийн төслийг боловсруулсан нь үнэн. Гэхдээ УИХ-ын гишүүд өргөн барьсан учраас хариуцлага тэд үүрэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Тэгэхээр та ямар зүйлд сэтгэл дундаар байгаа учраас ийм агуулгатай үг хэлсэн вэ гэдгийг мэдмээр байна. Цаашид энэ хууль гарснаар арилжааны банкуудад ямар нэг байдлаар хариуцлага тооцохдоо татвар төлөгчдийн мөнгөөр хаадаг асуудалд цэг тавина гэж ойлгож байна. Энэ ойлголт зөв үү?
Хуульд нэг зээлдэгчид өгөх дээд хэмжээг 20 хүртэл, эзэн нь өөрөө зээл авах бол 5 хүртэлх хувь гэж хуульд орсон. Монгол банкны Ерөнхийлөгч та энэ хувь дээр ямар байр суурьтай байна вэ? Ажлын хэсгийн ахлагч бол үүнийг “чанга” гэж хэлсэн.
Хуультай холбоогүй асуулт байна. Гадаадын банк Монголд оруулж ирэх дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Гадны банк орж ирэх боломжтой
Таны ойлголт зөв байна. Энэ хууль батлагдсанаар хадгаламж эзэмшигчдийн мөнгө найдвартай болно, банкны системийн тогтвортой байдал хадгалагдана, гүйцэтгэл дээр суурилсан хяналт шалгалт биш эрсдэл дээр суурилсан хяналт шалгалтад шилжинэ.
Өөрөөр хэлбэл орсон борооны хойноос цув нөмрөх биш, аянга цахилгаан цахилж эхлэхэд л Монгол банк зохицуулагч байгууллагын хувьд ажиллаж эхэлнэ.
Тиймээс банкны системд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, банкны систем бүхэдээнайдвартай байдал нь сайжрах ёстой гэж бид хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ зорилго биелсэн. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр Банкны системд тулгарсан алдагдлыг хаадаг байсан. Энэ зориулалтаар Улсын төсвөөс 620 орчим тэрбум төгрөг гарч байсан бол цаашид татвар төлөгчдийн мөнгөөр биш урьдчилан сэргийлэх, төв банк дээр Тогтворжуулалтын сан байгуулах байдлаар эрсдэлийг шийдсэн.
Татан заавал байлгах нөөцийн талаар асуулаа. Энэ хэмжээ улс орон бүрт янз бүр байдаг. Манайд бол татан төвлөрүүлсэн хөрөнгийн 12 хувьтай тэнцэж байгаа. Банкны систем хэдэн зуун жилээр хөгжчихсөн улсуудад 8 хувь гэж байдаг. Монгол улсын хувьд энэ хэмжээг зохимжтой хэмжээ гэж үзэж байгаа. Энэ бас мөнгөн хэлбэрээр байршдаг юм.
Гадны банкны тал дээр гадны банк орж ирэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл УИХ дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Хэрэв энэ хууль батлагдчихвал хөрөнгө оруулалтын чиглэлээр гадны банкууд орж ирж, Монголын зах зээл дээр ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тодрууллаа.
Ажлын хэсэг сайн ажилласан, хууль сайн гарч байгаа гэж үзэж байгаа. Харин хуулиа хэрэгжүүлэх дээр л анхаарах хэрэгтэй.