2022.08.18

Хадгаламжтай иргэд банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой

УИХ-ын 2021 оны намрын чуулганаар олон салбарын чухал хуулиуд батлагдсаны нэг нь Банкны тухай хууль байлаа.

Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд банкны сектор, санхүүгийн салбарыг эрүүл, тэгш тогтолцоотой болгосон шинэчлэл болсон юм. Банкны зээл, бусад активын эх үүсвэрийн 70 орчим хувийг олон нийтийн мөнгөн хөрөнгө, 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгө бүрдүүлдэг.

“Хас” банкнаас бусад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын хувьцааны 90 хувийг 2-4 хүн эзэмшиж байна. Банкны тухай хуульд энэ удаад томоохон “мэс засал” хийж буйн гол шалтгаан нь эдийн засгийг тэлэх, иргэдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалах зорилготой юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг

Сонгодог онолоороо банкнууд томорч байж өөрийнх нь бүтээгдэхүүний өртөг багасаж, эцсийн хэрэглэгчид очиж байгаа зээлийн хүү багасдаг. Иймд банкнуудаа төрөлжүүлж, Хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрлэгчдийн банк гэж гаргах хэрэгтэй.

ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭР:

  • Арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна.
  • Хадгаламжтай иргэд банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой.
  • Банкинд мөнгөө сул хадгалуулж, бага хүү авснаас банкны хувьцаа худалдан авч, ногдол ашиг хүртэх эдийн засгийн өгөөж нь илүү болно.
  • Нөгөө талаас арилжааны банкинд хадгалагдаж буй сул мөнгө хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулснаар санхүүгийн зах зээл томорч, хөгжинө.
  • Хөрөнгийн зах зээлд эрэлттэй, шинэ төрлийн үнэт цаас бий болох юм.
Монголын хөрөнгийн зах зээлд ойролцоогоор 15 их наяд эргэлтэд орсноор жижиг, дунд үйлдвэрүүд хөгжиж, тэлэх боломжтой юм.
Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр олширно, цалин өснө. Ажлын байр нэмэгдсэнээр ядуурал буурна. Улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Дагаад төрийн албан хаагчид, эмч, багш нарын цалин нэмэгдэх зэрэг эерэг талууд бий болох юм.

Мөн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг банкны эзэд хууль бусаар зарцуулах эрхгүй болж байна. Үндсэндээ, арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болж иргэд, ААН-үүд банкуудын хувьцаа эзэмшигч болсноор банкны эздэд хариуцлага тооцох, хяналт тавих эрх нээгдэх юм. Энэ бол банкны салбарт засаглалын томоохон шинэчлэл бөгөөд банкны салбарыг дагаад эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна.