Б.Бат-Эрдэнэ: Зэлийн барьцаанд 3 сая иргэн маань гадаад эзэдтэй банкнууд барьчихаад байна
Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүний байр суурийг хүргэж байна.
1990 оноос бид хоёр тогтолцоотой банкны системд шилжсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 15 банк татан буугдсаныг харахад тийм ч сайн бат бэх тогтолцоо биш гэж би харж байна.
Одоо бол манай улсын хэмжээнд 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа ч ихэнхи нь гадаад эзэнтэй.
Улс орны хөгжлийг хурдасгах, түлхэц болох том хэмжээний хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх бодит бололцоо байхгүй байгаад асуудлын гол учир байгаа юм.
Дээрээс нь оюутны, тэтгэврийн, цалингийн, малчны гээд өндөр хүүтэй зээлийн барьцаанд 3 сая иргэнийг минь банкны гадаад эздүүд барьчхаад байгаа нөхцөл байдал үүсээд байна.
Тиймдээ ч надад энэ байдлыг өөрчлөхийн тулд банкнуудын тэр дундаа төв банкны тухай хуулийг өөрчилж энэ асуудлыг шийдэх болов уу гэсэн хүлээлт байна. 25-аас доошгүй хувийн саналын эрхтэй хувьцаа эзэмшдэг гээд эзэмшилтэй холбоотой асуудлууд яваад байгаа учир би энэ асуудлын талаар зориуд яриад байгаа юм.
Гадаад эзэнтэй арилжааны банкнууд бол гадаадын банк зах зээлд орж ирж өрсөлдөөн бий болохвий гэхээс маш их айдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүдэд лобби хийж байгаад хуулийг өөрчлүүлдэггүй.
Эцсийн дүндээ бол аж ахуй нэгж, ард иргэдэд өндөр хүү гэдэг зүйл ихээхэн дарамт болж байна. Тэгээд энэ арилжааны банкнуудын гол хувьцаа эзэмшигч нь УИХ-д үеийн үед байсаар ирсэн гэдгийг нууж хаагаад байх зүйл үгүй. Монгол банкнаас, засгийн газраас тодорхой хэмжээний хөнгөлөлт авдаг. Өнөөдөр ч гэсэн эрсдэлийнх нь үнэлгээг хийнэ, ЧЕХ-ын өндөр үнэтэй компаниуд хийж байна, үр дүнд нь хоёр гурван банк дампуурсан.
Би энэ оруулж ирж байгаа банкны хувьцаа эзэмшигчид, эзэдтэй холбоотой хуулинд зохицуулалт орсон байх гэж найдаж байгаа.
Иргэдийн том хүлээлт бол арилжааны банкнуудын өндөр хүүд хяналт тавьж олон улсын жишгээр бууруулах явдал. Хууль зүйн талаасаа, онол практик гээд аль аль талаасаа хяналт тогтоох бололцоотой гэж удаа дараагийн хэлэлцүүлгээр мэргэжлийн хүмүүс яриад байсан. Тэгэхээр тодорхой ажлын хэсгийн хүмүүс маань хүүг бууруулах талаар тодорхой дорвитой арга хэмжээ хийсэн үү гэдэгт гол асуудал байгаад байгаа юм. Бид хүүг бууруулахгүйгээр хууль зүйн өөрчлөлт, сайжруулалт гаргаад үр дүн гарахгүй.