Д.Оюунхорол: Монголын төр ингэтлээ доройтож байгаагүй
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: Хэлэлцэж байгаа асуудлууд дээр гишүүдийн хандаж байгаа хандлагыг харахад өөрийн байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж харлаа. Бүх юмыг харлуулж, балруулдаж болохгүй.
2017 онд Монголбанк сайн ажилласан. Валютын нөөц 3 тэрбум доллараар нэмэгдэж, экспорт 29.1 хувиар өссөн, хөрөнгө оруулалтын урсгалын дүн нь 702 сая ам.доллараар нэмэгдсэн. Гарах урсгал нь 243 сая ам.доллар болсон. Хөрөнгө оруулалтыг нийт дүнгээр нь авч үзвэл 379 орчим сая ам.доллараар нэмэгдсэн гээд эерэг үзүүлэлтүүд маш олон байна.
2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын ажил хүлээж авч байхад улс орны эдийн засгийн нөхцөл байдал дефолт зарлуулах хэмжээнд хүрсэн, алюултай нөхцөл байдалд байсан. Бид үүнийг их амархан мартах гэж байна.
Ажил хөдөлмөр хийхэд сэтгэл, тэмцэл, зөв шударга үйл ажиллагаа хэрэгтэй. Эдгээр шинж чанарууд шингэж чадсан учраас өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд эерэг үр нөлөө гарч байна.
Улс орны эдийн засгийн баталгаа бол юу юунаас илүү үнэ цэнэтэй, эх орны дархан баталгаа байх ёстой. Хэрвээ эх оронч гэж өөрсдийгөө боддог бол, ард түмний гүүр болж ажиллах эрхийг аваад, парламентад суусан бол үүнийхээ төлөө ажиллах ёстой.
Монголбанкны хийсэн олон ажлуудыг тоо баримтаар нь хэлэх юмсан гэж бодож байгаа. Экспортын дүн импортын дүнгээсээ 1 тэрбум 280 сая ам.доллараар дарсан үр дүн гарч байгаа нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан гэсэн үг. Нөгөө талаас ААН-үүдийн тогтворжсон, хэвийн болсон, орлого нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад итгэж, мөнгөө оруулж ирсэн гэрэл гэгээтэй зүйлс байна. Бид тойрогтоо очиж, ард иргэдтэйгээ байнга уулзаж байна.
Энэ нөхцөл байдал бүхэн ард түмний халаасанд орж, гарж байгаа урсгал зардалд байнга мэдрэгдэж байдаг.
Тиймээс юмыг дандаа энэ заалнаас харлуулж, бүдгэрүүлсэн байдлаар хандаж болохгүй. Ард түмний нэрийг барьж үргэлж буруу ярьж болохгүй. Болж бүтэж байгаа сайн зүйлээ ярьна. Болохгүй зүйлээ УИХ хариуцлагаа тооцоод, чангахан ярьж чаддаг байх хэрэгтэй. Ам, ажлынхаа нэгдлийг зөрүүлэхгүй, попордоггүй, амьдралд ойр шийдвэрүүдийг УИХ өөрөө гаргах ёстой.
Монголын төр ингэтлээ доройтож байгаагүй. УИХ-д сонгогдсон 76 гишүүний мэдлэг, боловсрол, асуудалд хандаж байгаа хандлага, судалгаа, бодит амьдралын үнэнийг олж шийдвэр гаргах хүлээлт нийгэмд өндөр байгаа.